Швейцарын эрдэмтэд хүний амин чухал эрхтний үйл ажиллагааг бүтэн долоо хоногийн турш дэмждэг төхөөрөмж бүтээжээ. Энэ тухай “Nature Biotechnology” сэтгүүл Цюрихийн их сургуулийг эх сурвалжаараа дурдан мэдээлэв. “Эл төхөөрөмж эрхтэн шилжүүлэн суулгах олон шинэ аргыг хөгжүүлэх замыг нээж өгч байна. Бид одоо өөхөлсөн элгийг өөхнөөс нь салгах зэрэг гэмтсэн элгийг сэргээн засах, түүгээр ч барахгүй эд эснээс нь шинэ эрхтэн ургуулах боломжтой боллоо” гэж уг төхөөрөмжийг бүтээлцсэн эрдэмтдийн нэг Цюрихийн их сургуулийн профессор Пьер-Ален Клавьен сэтгүүлд ярьсан байна. Зүрх, элэг, бөөр зэрэг бараг бүх эрхтэн хүний биеэс гадна маш богино хугацаанд амьдардаг нь эрхтэн шилжүүлэн суулгах аргад тулгарч буй гол асуудал аж. Эдгээр эрхтнийг зөвхөн тэг температурт гэхэд дунджаар 12-18 цаг хадгалах боломжтой бөгөөд үүний дараа шилжүүлэн суулгах нь өвчтөнд аюул учруулж болзошгүй байдаг ажээ. Тиймээс шилжүүлэн суулгахад анх тохиромжтой байсан эрхтнүүдийн талаас илүү хувийг эмч нар зүгээр л хаядаг байжээ.