Олон сар үргэлжилж байгаа Австралийн ойн түймрийн утаа олон улсын “Australian Open” газрын теннисний тэмцээнд нөлөөлжээ. Тус улсын Мельбурн хотод болж байгаа уг тэмцээний хэд хэдэн оролцогчид өчигдөр утаанд хордон тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Словенийн тамирчин Далила Якупович хасагдах шатны тоглолтоо Швейцарын Стефани Вогелтэй хийж байгаад дундаас нь орхижээ. Мария Шарапова, Лаура Сигемунд хоёрын тоглолтыг хоёрдугаар үеийн төгсгөлд шүүгч “тамирчдад утаа нөлөөлж байна” гээд зогсоожээ. Канадын теннисчин Эжэни Бушар Солонгосын тамирчин Иоу Сиаодитой хийсэн тоглолтынхоо үеэр мөн л бие нь муудаж эмч дуудсан байна. Ийнхүү олон тамирчид тэмцээнийг дундаас нь орхижээ. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Австралийн түймрийн утаа удахгүй дэлхийг бүхлээр нь бүрхэнэ гэж Мягмар гарагт/2020.01.14/ мэдэгдсэн юм. Эл утаа Номхон далайн зүг чиглэж, Өмнөд Америкт хүрээд байгаа аж. Асар өргөн хэмжээний түймэр ер бусын том хэмжээний галт цахилгааны үүлийг бий болгожээ. Эдгээр нь түймрийн утааг давхраа мандалд 17.7 км өндөрт хүрэхэд нөлөөлжээ. Давхраа мандалд нэгэнт хүрсэн утаа олон мянган бээр аялж, дэлхийн агаар мандалд нөлөөлсөн гэж тус агентлагийн судлаачид онцолжээ. НАСА-ийн мэдээлснээр, түймрийн утаа дэлхийг дор хаяж нэг удаа бүтэн хүрээлэх гэнэ.