Өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотын бага сургуулийн талбайн дээрээс нисэх онгоцны шатахуун асгарсны улмаас 44 хүн гэмтсэн хэрэг гарчээ. Энэ тухай АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (ХНУГ) мэдээлэв. Тус хотын олон улсын нисэх буудлаас хөөрсөн “Delta Air Lines” компанийн онгоц техникийн асуудалтай тулгаран буцаж газардахдаа дүрмийн дагуу шатахуунаа агаарт асгасан байна. Шатахуун агаарт замхардаг бол энэ удаа тэгсэнгүй харин сургуулийн талбайд тоглож байсан хүүхдүүдийн дээрээс асгарчээ. Сүүлд ирсэн мэдээллээр бол нийт хохирогчдын тоо 44 болсон бөгөөд тэдний дотор дор хаяж 20 хүүхэд байгаа аж. Лос Анжелес хотын гал сөнөөгчид, түргэн тусламжийнхан шатахуун асгарсан газарт очиж, хохирогсдыг эмчлэх, цэвэрлэх арга хэмжээ авжээ. Хохирсон хүмүүсийн арьс улайж, загатнах шинж илэрсэн байна. ХНУГ-ын мэдэгдсэнээр Delta Air Lines компанийн Лос-Анжелес-Шанхай чиглэлийн онгоцны нисэх үеэр гарсан уг хэргийн “нөхцөл байдлыг нарийвчлан судалж байгаагаа” аж.