Их Британийн хатан хаан II Элизабет ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нарын хааны гэр бүлийн эрх үүргээс татгалзаж, “шинэ амьдрал” эхлүүлэх шийдвэрийг дэмжсэн тухай Даваа гарагийн орой Букингемийн ордноос гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ. "Өнөөдөр манай гэр бүлийнхэн ач хүү болон түүний гэр бүлийн ирээдүйн талаар ул суурьтай ярилцлаа. “Бид тэднийг хааны гэр бүлийн бүрэн эрх бүхий гишүүд хэвээр үлдээхийг илүүд үзэж байгаа хэдий ч илүү хараат бус амьдрах хүслийг нь хүндэтгэн ойлгож байна. Үүний зэрэгцээ тэд манай гэр бүлийн үнэ цэнтэй гишүүн хэвээр байх болно" гэж мэдэгдэлд бичжээ. Хатан хааны хэлснээр, уулзалтын үеэр Сассекскийн гүн болон гүнгийн авхай хэсэг хугацааг Канадад, хэсэг хугацааг Британид өнгөрүүлэх шилжилтийн үеийн талаар тохиролцжээ. Гэхдээ энэ үе хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. "Эдгээр асуудлуудыг шийдэхэд хугацаа хэрэгтэй. Хийх ажил маш их байгаа. Гэхдээ би ойрын өдрүүдэд эцсийн шийдвэрээ гаргана" гэж Хатан хаан онцолжээ. Энэ сарын 8-нд Сассекскийн гүн Харри, түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нар хааны гэр бүлийн эрх үүргээс татгалзан, санхүүгийн хувьд бие даах шийдвэр гаргаснаа гэнэт мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан II Элизабет Даваа гарагт /2020.01.13/хааны гэр бүлийн өндөр зэрэглэлийн гишүүдийг цуглуулсан Сандрингемийн ордонд хуралдсан аж.