Их Британийн хатан хааны гэр бүл Даваа гарагт буюу өнөөдөр /2020.01.13/ хуралдаж хунтайж Харри ба түүний гэргий, Америкийн жүжигчин Меган Маркл нар хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзсан хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. Энэ тухай Sky News суваг мэдээлэв. Тус мэдээллээр хурал Сандрингхам эдлэнд болох ба хатан хаан II Элизабет, ханхүү Чарльз, ханхүү Уильям болон Харри нар оролцох аж. 1-р сарын 8-нд Сассексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нар өөрсдийн Инстаграм хуудсаараа дамжуулан хааны гэр бүлийн ахмад гишүүдийн үүргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус болох тухайгаа мэдэгдсэн юм. Хосуудын мэдэгдэлд дурдсанаар тэд "Хатан хаан, Хамтын нөхөрлөл, буяны байгууллагуудын" өмнө хүлээх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Их Британи ба Хойд Америкт ойролцоогоор ижил цаг хугацаагаар амьдрахыг зорих аж. Энэ нь нэг ёсондоо хааны гэр бүлийн ёслолын үүргийн ихээхэн хэсгээс мөн Сассексийн гүн болон гүнгийн ахайтны эрх ямбаас татгалзаж байна гэсэн үг юм. Гэхдээ цол хэргэмээ хадгалж болох аж. Тэдний шинэ байр суурь ямар байдалтай байх, мөнгө олохын тулд юу хийж болох, хамгаалалт нь хэрхэн хангагдах зэрэг асуудлыг эл хурлаар шийдвэрлэх юм байна.