Өчигдөр буюу Пүрэв гарагт хэдэн зуун хүн эсэргүүцлээ илэрхийлэн Абхазын нийслэл Сухуми хотын төвд орших Ерөнхийлөгчийн засаг захиргааны байрны өмнө цуглажээ. Тэд өнгөрсөн оны 9-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа аж. Уг жагсаалтай бараг зэрэг өнгөрсөн 11-р сарын 22-нд Сухуми хотод амиа алдсан хоёр хүний төрөл төрөгсөд болох Авидзба, Шамба гэх овгуудын төлөөлөгчид жагсаал зохион байгуулжээ. Сухум хотын шүүхээс уг хүн амины хэрэгт холбогдуулан баривчлагдсан хүмүүсийн нэг нь Абхазын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтан байсан бололтой. Эл жагсагчид нэгдэн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардан, засаг захиргааны байр руу дайран орсон байна. Тэднийг дайран орохоос өмнө төрийн алба хаагчид ордныг хэдийнээ орхисон байсан бөгөөд ерөнхийлөгч зуслан дээрээ байсан аж. Абхазын Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр аюулгүйн албаныхан захиргааны байрыг хамгаалалтад авсан байна. Тэр өдөртөө тус улсын парламент ээлжит бус чуулган явуулж Ерөнхийлөгч Рауль Хажимбаг сайн дураараа огцрохыг уриалсан тогтоолыг баталжээ. Раул Хаджимба хариуд нь парламентын уг шийдвэр нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй гэж мэдэгдээд сөрөг хүчнийхнийг яриа хэлэлцээ хийхийг урьсан байна. Тэрбээр мөн тус улсад онц байдал тогтоохыг үгүйсгээгүй байна.