Японд санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдон, гэрийн хорионд байхдаа зугтсан “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон өчигдөр анхныхаа хэвлэлийн бага хурлаа хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Nissan” компанийн удирдлагууд болон Японы прокурорын байгууллага үгсэн хуйвалдсан тул, Японд шударга шүүх болно гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд шударгын шүүхийн өмнө бол очиход бэлэн гэдгээ хэлсэн байна. Гоны үгээр бол өөрийг нь мохоохын тулд 400 гаруй хоног олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцэхгүй, хүнлэг бус нөхцөлд хорьсон аж. Японы прокурорын газар намайг хэргээ хүлээхгүй бол гэр бүлийнхнийг маань хавчиж эхэлнэ гэж заналхийлсэн” хэмээн “Nissan” компанийн тэргүүн асан хэлсэн байна. Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Карлос Гон нэр төрөө сэргээхийн төлөө тэмцэж, өөрийг нь гэм буруугүй нотлох баримт бичгийг ил гаргахад бэлэн байгаагаа ярьжээ. Ноён Гоны хэлснээр бол "баримт, үнэн, шударга ёс" нь Японы мөрдөн байцаагчдын хувьд юу ч биш бөгөөд цорын ганц зорилго нь яллагдагчийг хэргийг нь хүлээн зөвшөөрүүлж, нэр нүүрээ аврах явдал аж. Тэрбээр “Bloomberg” сэтгүүлийн мөрдөн байцаалт 10 сая долларын хулгайн хэргийг нотлохын тулд 200 сая доллар зарцуулсан тухай нийтлэлийг дурдан "Би ял шийтгэл нь 94.4 хувь эзэлдэг системтай тулгарсаныг мартаж болохгүй. Тэр тусмаа гадаад иргэний хувьд эл хувь үүнээс ч илүү өндөр гэж би мөрийцөхөд ч бэлэн” гэжээ. Харин Японы хилийг хэрхэн давсан талаараа тэрбээр дурдаагүй байна. Түүнийг ачааны хайрцагт нуугдан хил давсан хэмээн таамаглаж байгаа юм.