IKEA компанийн үйлдвэрлэсэн шүүгээнд дарагдаж нас барсан 2 настай хүүгийн эцэг эхэд тус компани 46 сая долларын нөхөн төлбөр олгох болжээ. Хэрэг явдалд 2017 онд гарсан бөгөөд шүүхийн шийдвэр өчигдөр эцэслэн гарсан байна. Хохирогч хүүгийн аав ээж хоёр “Хоёр настай хүүгийн минь үхлийн шалтгаан нь ердөө 76 см өндөртэй шүүгээ байна гэж бид хэзээ ч бодож байсангүй. Бидэнд тохиолдсон шиг энэ зүйл өөр гэр бүлд бүү тохиолдоосой гэсэндээ нийтэд ил болгосон" хэмээн BBC агентлагт ярьжээ. Тэд нэг сая ам.долларыг аюултай бүтээгдэхүүнээс хүүхдийг аврах ажиллагаанд хандивлахаар болжээ. Хүүг үхэлд хүргэсэн Мalm dresser нь 32 кг-ын жинтэй байжээ. IKEA компанийн мэдээлснээр 2016 онд зөвхөн АНУ-д гэхэд л 17 сая гаруй MALM шүүгээ зарагдсан аж. Эл шүүгээ хүний дээрээс нурж унасан 186 тохиолдол, түүний дотор хүүхдүүдтэй холбоотой 91 тохиолдол бүртгэгдсэн бол тэдгээрийн 8 нь үхэлд хүргэсэн байна. 2016 онд дээрх шалтгааны улмаас нас барсан гурван хүүхдийн ар гэрийнхэнд тус компани 50 сая ам.доллар олгохыг зөвшөөрч байв. Malm загварын шүүгээг үйлдвэрлэгч эргүүлэн татаж байгаа бөгөөд энэ нь зөвхөн Америкийн зах зээл дээр хүчинтэй юм байна. Бусад оронд эл тавилга зарагдсан хэвээр байгаа аж. Шүүгээг хананд бэхэлж хэрэглэхийг хэрэглэгчдэдээ зөвлөсөөр байгаа аж.