Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару аюулгүй байдлын үүднээс энэ сарын сарын 21-24-ны өдрүүдэд Давост болох Дэлхийн эдийн засгийн форумд (ДЭФ) оролцохгүй байж магадгүй гэж мэдэгджээ. Энэ тухай Globo сонин өчигдөр мэдээлэв. "Форумд оролцох боломжийг бид хэлэлцэж байна. Миний бие явахгүй байх магадлал байгаа" гэж Бразилын удирдагч хэлжээ. Ингэхдээ тэрбээр "Дэлхий тайван бус байна. Энэ бол аюулгүй байдлын тухай юм" гэж онцолсон байна. Болсаноругийн хэлснээр Бразилын тусгай албаныхан олон улсын тавцанд нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан эрсдэлийг үнэлж, цаашдын явцыг хянаж байгаа аж. Өнгөрсөн Баасан гарагт /2020.01.03/ Багдадын нисэх онгоцны буудлын орчимд АНУ-ын хийсэн цохилтод Ираны тусгай хүчин “Ал-Кудсын” командлагч, генерал Кассем Сулейманийг алагдсаны дараа Ойрх Дорнод дахь байдал огцом хурцдаад байгаа юм. Тегеран Вашингтонд хатуу хариу өгнө гэж амласан билээ.