Финландын Засгийн газар ажлын долоо хоногийг дөрвөн өдөр, ажлын цагийг зургаан цаг болгохоор төлөвлөж байгаа талаар The Daily Mail мэдээлэв.Тус сонинд бичсэнээр Финладын Ерөнхий сайд 34 настай Санна Марин ажлын уян хатан хуваарийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүддээ үүрэгдсэн байна. Дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болсон тэрбээр Засгийн гарыг тэргүүлэхээсээ өмнө Финландын тээврийн сайдын алба хашиж байжээ. Энэ албан тушаалд байхдаа Марин ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын тулд ажлын долоо хоногийг багасгахыг дэмждэг байсан аж. Финландын хөрш улс Шведэд 2015 онд зарим албан байгууллагууд ажлын зургаан цагийн хуваарт шилжин туршсан байна. Үр дүнд нь ажлын зургаан цагийн хуваариар ажилласан хүмүүс илүү жаргалтай, эерэг сэтгэл хөдлөл их, мөн илүү үр бүтээлтэй ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. Өнгөрсөн оны 11-р сард “Microsoft” компанийн Япон дахь салбар ажилтнуудаа гурван өдөр амраадаг болсноор тус компанийн хөдөлмөрийн бүтээмж 40%-иар өссөн гэсэн дүн гарчээ. Мөн манай хойш хөрш ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Женев хотод болсон Олон улсын хөдөлмөрийн бага хурлын үеэр Орос улс ажлын долоо хоногийг дөрвөн өдөрт шилжихийг үгүйсгээгүй билээ.