Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болзол тавилгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрээр шинэ он эхэлсэнтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ “Хамгийн чухал асуудал болох хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд би Ким Жон Унтай ямар нэг болзол нөхцөл тавилгүйгээр биечлэн уулзахад бэлэн байна” гэж хэлсэн байна. Тэрбээр Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн талаараа нэг бус удаа мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн зууны 70-аад оны үед Хойд Солонгосын тагнуулын албаныхан хулгайлсан япон иргэдийг нутагт нь буцаах хэрэгт ахиц гаргах үүднээс ийм уулзалт хийх зайлшгүй шаардлагатай гэж Абэ үзэж байгаа аж. Хулгайлагдсан иргэдийн асуудал нь хоёр орны харилцаан дахь хамгийн эмзэг сэдвийн нэг юм. Хойд Солонгос нь Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч, таван хүнийг нутаг буцахыг зөвшөөрсөн байдаг. Бусад хүмүүсийг нас барсан гэж мэдэгдээд төрөл төрөгсдөд нь цогцсыг нь явуулсан ч шинжилгээ хийх явцад алга болсон хүмүүсийн цогцос гэдгийг нь тогтоож чадаагүй аж. Иймд 2014 оны тавдугаар сард Япон ба Хойд Солонгосын Засгийн газрууд япон иргэдийг хулгайлсан хэргийн талаар хамтарсан мөрдөн байцаалт явуулахаар тохиролцсон ч Пхеньян энэ зорилгоор байгуулсан хамтарсан комиссыг татан буулгасан аж.