АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ долоо хоногт Ерөнхийлөгч Доналд Трампын Ираны эсрэг явуулж буй цэрэг дайны үйл ажмиллагааны эрх мэдлийг нь хязгаарлах тогтоолыг хэлэлцэх аж. Энэ тухай Ням гарагт тус улсын хууль тогтоох байгууллагын доод танхимын тэргүүлэгч Нэнси Пелоси Ардчилсан намын депутатуудад хүргүүлсэн албан бичигт мэдээлсэн байна. "Энэ долоо хоногт Төлөөлөгчдийн танхим Ираны эсрэг явуулж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн цэргийн ажиллагааны эрх мэдлийн хязгаарлах тухай тогтоолын төслийг танилцуулж, санал хураалт явуулна. Энэхүү тогтоол нь сенатч Тим Кейны танхимд танилцуулсантай тогтоолтой төстэй бөгөөд Ираны эсрэг ерөнхийлөгчийн засаг захиргааны эхлүүлсэн байлдааны ажиллагааг хууль тогтоогчдын цаашдын оролцоогүйгээр 30 хоногийн дотор зогсоохыг шаардахын тулд эртнээс тогтсон Конгрессын хяналтын үүргийг баталж байгаа юм” гэж уг баримт бичигт дурджээ. Ираны “Ал-Кудс” тусгай хүчний командлагч, генерал Кассем Сулейманы аминд хүрсэн АНУ-ын пуужингийн цохилт “өдөөн хатгасан, хэрээс хэтэрсэн” явдал байсныг Пелоси онцолжээ. "Эдгээр үйлдэл нь манай цэргийн алба хаагчид, дипломат ажилтнууд болон бусад хүмүүсийг эрсдэлд оруулж, Ирантай харилцах харилцааг улам хурцадмал байдалд оруулж байна. Конгрессын гишүүдийн хувьд бидний үндсэн үүрэг бол Америкийн ард түмний аюулгүй байдлыг хангах явдал юм. Энэ шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн засаг захиргаа АНУ-ын Үндсэн хуулиар баталгаажуулсан Конгрессын цэргийн эрх мэдлийг харгалзалгүй, Конгресстой зөвлөлдөхгүйгээр эдгээр арга хэмжээг авч байгаад бид санаа зовж байна "гэж Пелоси тайлбарласан байна. Пуужингийн цохилт хийсэн талаар Пентагон энэ сарын 3-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын Конгрессод эл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдээгүй байна. The Washington Post сонинд бичсэнээр бол Цагаан ордон эл байлдааны үйл ажиллагааны тухай хууль тогтоогчдод Бямба гарагт албан ёсоор мэдэгджээ. Маргааш нь буюу Ням гарагт Трамп хэрэв АНУ-ын иргэд эсвэл аливаа объектод халдвал тус улс эргүүлээд Иранд харьцуулашгүй цохилт өгч чадна гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ тэрээр Тегераны эсрэг иймэрхүү алхам хийхэд Конгресст албан ёсоор мэдэгдэх шаардлагатай гэж үзэхгүй байгаагаа оноцлсон байна.