Хятадад уушгины хатгалгааны үл мэдэгдэх хэлбэрийн халдвар авсан хүмүүсийн тоо 44 хүн болж нэмэгджээ. Ухань хотын (Хубэй мужийн засаг захиргааны төв) Эрүүл мэндийн хорооноос өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлд 11 хүний биеийн байдал хүнд байгаа гэж дурджээ. Мөн 121 хүн эрүүл мэндийн хяналтад байгаа аж. Түүнчлэн эрдэмтэн судлаачдийн дээрх өвчний үүсгэгч голомт болон шалтгааныг тогтоох ажил үргэлжилсээр байна. Тэдний судалгаагаар өвчилсөн хүмүүсийн дотор тус хотын далайн гаралтай хүнсний захад ажилладаг хүмүүс хэд хэд байгаа тул захыг ариутгаж, тодорхой бус хугацаагаар хаажээ. Мөн Сингапур, Хонконгт Ухань хотоос зорчин ирэгсдийг эрүүл мэндийн тусгай үзлэгт хамруулж эхэлжээ. Хонконгт халдвар авсан долоон хүн бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 12-р сарын 31-нд Хятадын эрх баригчид уушгины хатгалгааны үл мэдэгдэх хэлбэрийн өвчин хурдацтай тархаж 27 хүн өвчилсөн тухай анх мэдэгдсэн юм. Ихэнх тохиолдолд өвчтөнүүд өндөр халуурч, амьсгалахад хэцүү зовууртай эмнэлэгт хандсан байна. Тэдэнд хийсэн цээжний рентген зургаар уг өвчин хүний уушгинд нөлөөлдгийг харуулжээ. Одоогоор уг өвчин хүнээс хүнд халдсан тохиолдол илрүүлээгүй байна. Халдварыг SARS (Severe Acute Respiratory Syndrome) хэмээх аюултай өвчин байж магадгүй гэсэн сэжиг таамаг Хятадын сошиал ертөнцөд тархжээ. Худал мэдээ тарааж, нийгмийг цочроосон найман хүнийг шийтгэсэн тухайгаа Ухань хотын цагдаагийн газар мэдээлсэн байна. "Жэньминь жибао" сонинд эх сурвалжийг дурдан мэдээлснээр бол дээрх өвчин уушигны шинэ хэлбэрийн хүнд хатгалгаа гэж оношлогдож байгаа бололтой.