Майкрософт корпорац БНАСАУ-ын хакерууд үйлчлүүлэгчдийн нь компьютерын сүлжээнээс чухал мэдээллийг хулгайлсан гэж үзэж байгаа тухай CNN суваг мэдээлэв. Майкрософт энэ сарын эхээр Виржин мужийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд хоёр кибер гэмт хэрэгтэн тус компанийн үйлчлүүлэгчдийн зарим чухал компьютерын сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна. Хакеруудын нэр усыг дурдаагүй ч тус компанийн мэдээлж байгаагаар тэд БНАСАУ-ын Thallium хэмээх хакеруудын бүлэгт багтдаг аж. Майкрософт мөн үйлчлүүлэгчдийнхээ тухай тодруулаагүй байна. Шүүхэд гаргасан мэдэгдлээс нь үзэхэд тэдгээр үйлчлүүлэгчид нь тус компанийн програм хангамжийг ашигладаг байж. Майкрософ компанийн мэдээлж буйгаар Thallium бүлэг нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхтэй холбоотой асуудлаар ажилладаг төрийн албан хаагчид, судалгааны байгууллага, эрдэмтдийн талаарх мэдээллийг сонирхжээ. Уг хакерын бүлэг 2010 оноос хойш идэвхтэй ажиллаж байгаа гэнэ. Компанийн төлөөлөгчид шүүхээр дамжуулан хакеруудын халдлага үйлдэхэд ашигладаг сүлжээний тодорхой эх үүсвэрүүдэд хяналт тавихыг эрэлхийлж байгаа юм байна.