Монгол Улсын эдийн засгийн өсөлт, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийг дэмжих, урт хугацаанд өгөөжөө өгөх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор найман жилийн өмнө байгуулагдсан Хөгжлийн банк 3.2 орчим их наяд төгрөгийн зээл олгожээ. Зээлийн эрсдэлийн санд эзлэх хөрөнгийг хасан тооцвол дээрх банкны 2.7 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүд захиран зарцуулж байна. Зүй нь ийм их дүнтэй мөнгө тухайн зээлдэгчдийн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөн, эдийн засагт өгөөжөө өгч, зах зээлийг тэлэх учиртай. Тэгвэл нөхцөл байдал сайн биш, чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн буурахгүй байгаа нь Хөгжлийн банкны “шүдний өвчин” болоод буйг олон нийт мэднэ. Тиймээс ч өнгөрсөн нэгдүгээр сард тус банкны үйл ажиллагаанд Засгийн газар, Үндэсний аудитын газраас шалгалт хийн, үүрэг өгсөн. Энэ хүрээнд хийсэн ажил болон энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлийн тайлангаа тус банк өчигдөр танилцууллаа.
Тайлант хугацаанд тус банк бүтцийн өөрчлөлт хийн, анхан шатны нэгжийн тоогоо 18 хувиар бууруулж, төсвөө танаснаар 460 сая төгрөг хэмнэсэн аж. Мөн актив хариуцсан хэлтэс байгуулсан бөгөөд таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн байна. Түүнчлэн зээлийн чанарыг бууруулж буй нөхцөлийг сайжруулахаар Засгийн газар болон хуулийн байгууллагатай хамтран ажиллаж буй гэнэ. Үүнээс гадна зээлийн эрсдэлийн бодлого боловсруулан, чанаргүй активыг бууруулах талаарх журамд өөрчлөлт оруулжээ. Мэдээллийн болон зээл, санхүүгийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын олон улсын ISO 9001, 27001 стандартыг нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд эл ажил нь дуусах юм байна.
Хөгжлийн банкны нийт актив энэ оны эхний 11 сарын байдлаар 4.2, өөрийн хөрөнгө нь 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Харин зээлийн багцын хэмжээ нь 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж буйгаас 46.7 хувийг ам.доллар, 35.5 хувийг төгрөг, үлдсэн нь евро болон иений зээлд ногдож байгаа аж. Түүнчлэн дээрх хугацаанд төсөл, хөтөлбөрүүдэд 620.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнд боловсруулах үйлдвэрийн салбарт 314.7, цахилгаан, хий, уур, агааржуулалтын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд зориулж 107.2, уул уурхайн олборлолтын чиглэлээр 83.8, бусад салбарт 113.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Улмаар уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих буюу импортыг орлох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түлхүү санхүүжүүлэх бодлого баримталж буйгаа Хөгжлийн банкныхан дурдлаа. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлж байгаа аж. Энэ хүрээнд 2018-2019 онд 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн “ДЦС-4”-ийн тоног төхөөрөмжийг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зориулж ОХУ-ын “Внешэконом” банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр хөрөнгө оруулалт татаж чаджээ.
Дээрх арга хэмжээний үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та гүйцэтгэх захирлын албанд томилогдоод хагас жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийсэн ажлаа товч танилцуулахгүй юу?
-Юуны түрүүнд банкны улс төрөөс хараат байдлыг халах, засаглалыг нь сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд бүтцийн өөрчлөлт хийн, банктай холбоотой 14 журам, дүрмийг шинэчлэн боловсруулсан. Мөн зээлийн багцын чанарыг дээшлүүлэх зорилгоор бид 45 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг үүсгэсэн 14 аж ахуйн нэгжийн талаар хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан. Үр дүнд нь чанаргүй зээлийн ангилалд байсан 11.6 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүллээ.
-Найдваргүй зээлдэгчид буюу улсын мөнгийг эрсдэлд оруулсан аж ахуйн нэгжүүдийг нэрлэж болох уу?
-Ер нь чанаргүй зээлийн 90 орчим хувийг 2012-2016 онд олгожээ. “Алт” хөтөлбөрийн хүрээнд олон аж ахуйн нэгж мөнгө аваад алга болсон хэрэг. Шүүхээр шийдвэрлүүлэх шатанд байгаа цөөнгүй хэрэг бий тул компаниудыг бүгдийг нь зарлах боломжгүй. Их хэмжээний зээл аван, графикийн дагуу төлбөрөө төлж буй хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад байгаа ч өрөө огт төлөөгүй “Эрэл”, “Хөтөл” зэрэг компани бий. Мөн “Капитал” банк дампуурсантай холбоотойгоор тэнд байршуулж байсан 56 тэрбум төгрөг эрсдэлд орсон. Бид шүүхэд хандаад байна.
-Хөгжлийн банкнаас олгох зээлийн шалгуурыг нэмэгдүүлэн, хэмжээг нь өсгөсөн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Тийм ээ, манай банкнаас олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж 20 тэрбум төгрөгт хүргэн, шалгуурыг чангатгасан. Гэхдээ үүнээс бага дүнтэй зээл огт олгохгүй гэсэн үг биш. Арилжааны банкаар дамжуулан, манай эх үүсвэрээс тухайн банкныхаас бага хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгох боломжтой.
-Ирэх жилүүдэд аль салбарт түлхүү хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бэ. Гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох төлөвлөгөө бий юү?
-2020-2022 онд бонд гаргах болон бусад эх үүсвэрээс 320-350 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн. Эрчим хүчний үйлдвэрлэл, хот төлөвлөлт, хөнгөн болон хүнд үйлдвэр барих төслийг түлхүү санхүүжүүлэх зорилготой. Мөн аж ахуйн нэгжүүдийн зээлийн нөхцөлийг өөрчлөх, банкны зүгээс аль болох уян хатан бодлого баримтлах үүднээс эрсдэлтэй зээлдэгчдийг шүүхэд шилжүүлэхийг азнан, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг зорьж байна. Ингэснээр бид урт болон дунд хугацаанд зээлийн багцын чанараа сайжруулах боломжтой болно.
Үүнээс гадна Хөгжлийн банк нь хөрөнгө оруулалтын “Ди би эм ассет менежмент ҮЦК”, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди би эм лизинг” компани байгуулсныг дурдлаа. Түүнчлэн Азийн хөгжийн банк, Уур амьсгалын ногоон сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, арилжааны зарим банктай хамтран 570.1 сая ам. долларын санхүүжилт босгон “Орлогод нийцсэн орон сууц”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хотын шинэчлэл” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк”, БНХАУ-ын Хөгжлийн банк болон Экспорт ба зээлийн даатгалын компанитай хамтын ажиллагаа эхлүүлж байгааг тэмдэглэв.