Филиппинд дэгдсэн “Урсула” хар салхины улмаас 12 хүн амь үрэгдэж, 16 хүн сураггүй болсон талаар ABS-CBN суваг орон нутгийн албаны эх сурвалжийг дурдан мэдээлэв. France Presse агентлагийн мэдээлж буйгаар нийт хохирогчдын тоо 16 хүрээд байгаа аж. “Урсула” хар салхи энэ сарын 24-ны өдөр Филиппиний газар нутгаар дайрч арлын төв хэсэг болох Антик, Миндор, Палаван, Аклан, Ромблон зэрэг мужууд ширүүн аадар бороонд автжээ. 100 гаруй байшин барилга гэмтэж, зарим газар цахилгаан эрчим хүчний саатал гарсан байна. Урсула хар салхи цагт 20 км хурдтай арлын зүүн хэсэг рүү шилжиж байгаа бөгөөд зарим үедээ салхины хурд секундэд 54 метр хүрч байгаа аж. Филиппиний зүүн бүсээс дөрвөн мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, “Урсула”хар салхи Филиппиний нутаг дэвсгэрийг баасан гаригийн орой эсвэл бямба гарагт орхин гарах гэнэ.