Саудын Арабын эрх баригчид олон жил хэлэлцсэний эцэст эрт гэрлэлтийг хориглож, гэрлэх хууль ёсны насыг доод тал нь 18 насаар тогтоосон талаар Saudi Gazette мэдээлэв. Сонинд бичсэнээр тус улсын Хууль зүйн сайд Валид ас-Самаани шинэ хуулийг орон нутгийн бүх шүүх рүү илгээжээ. 18-аас доош насны хүмүүс гэрлэлтээ батлуулах хүсэлт гаргасан тохиолдолд тусгай шүүх зөвшөөрөл олгох юм байна. Шүүх залуу хосууд болон тэдний ирээдүйд эрт гэрлэлт сөрөг нөлөөтэй эсэхийг судалж байж шийдвэр гаргах аж. Өнгөрсөн 1 дүгээр сард 15-аас доош насны эмэгтэйчүүдийг гэрлэхийг хориглосон хууль хэрэгжиж эхэлсний дараа дээрх хуулийг баталжээ. Өмнө нь Саудын Арабад гэрлэлтийн насны доод хязгаарыг заагаагүй байсан тул насанд хүрээгүй жаахан охид нөхөрт гарах явдал маш түгээмэл байсан юм. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр бол дэлхийн 117 улс оронд нөхцөлд насанд хүрээгүй хүүхдийг гэрлэхийг зөвшөөрдөг эсвэл гэрлэлтийн насыг хуулиар тогтоогоогүй байдаг аж.