Японы парламентын гишүүн Акимото Цукашийг тус улсын прокурор хээл халуулийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүнийг Хятадын мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчдээс хээл хахууль авсан гэж сэжиглэж байгаа аж. Японы хууль тогтоогчид парламент үйл ажиллагаагаа явуулж байх үед халдашгүй эрхтэй байдаг бөгөөд прокурор парламентын чуулган завсарласан үеийг ашигласан байна. Энэ нь 2010 оноос хойш парламентын гишүүнийг баривчилсан анхны тохиолдол юм.Акимото 2017 оны наймдугаар сараас өнгөрсөн оны 10 дугаар сар хүртэл дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Японд зугаа цэнгэлийн бүс, казино байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байжээ. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Хятадын нэгэн компанитай холбоотой болохыг тогтоосон байна. Тус компани нь шинээр байгуулж буй томоохон рашаан сувиллын газруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах казино байгуулахад идэвхтэй оролцохыг ихээхэн сонирхож байгаа юм байна. Прокурорын газраас мэдээлснээр, энэ компанийн төлөөлөгчид хамгийн багадаа хэдэн арван мянган ам.долларыг гаалийн мэдүүлэгт дурдалгүйгээр Японд бэлнээр оруулжээ. Энэ мөнгийг депутатад авилга хэлбэрээр шилжүүлэн өгсөн гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байгаа аж.