АНУ-ын Колорадо Спрингс хотод нэгэн хүн банк дээрэмджээ. Үүнийхээ дараа тэрээр гүйж гараад "Зул сарын баярын мэнд!" гэж хашхиран мөнгөө агаарт шидсэн байна. Тэгээд ойролцоох цайны газар орж цагдаа нар ирэхийг хүлээж суусан аж. Цагдаа нарын мэдээлснээр банк дээрэмдсэн этгээд 65 настай Дэвид Оливер гэгч байсан бөгөөд баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй, биед нь ямар нэгэн зэвсэг байгаагүй гэнэ. Цацсан мөнгийг гудамжаар явж байсан хүмүүс хураан банканд эргүүлж өгсөн тухай Hill сонин бичсэн байна. Гэмт этгээд хэдий хэр мөнгө дээрэмдсэнийг тодруулаагүй ч цагдаагийн ажилтны тус сонинд ярьснаар бол энэ бүхний эцэст мянга гаруй доллар алга болсон аж.