Мексик улсаас Аргентин улсад суугаа элчин сайд Рикардо Валеро эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байгааг Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард өчигдөр /2019.12.23/ мэдэгджээ. Рикардо Валеро энэ сарын эхээр Буэнос-Айрес хотын номын дэлгүүрээс Казановагийн намтрыг хулгайлж байгаад баригджээ. 10$-ын үнэтэй эл номыг элчин сайд сонины завсар хавчуулаад гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна. "Рикардо Валеро бол гайхалтай хүн. Тэрээр мэдрэлийн талын эмчилгээнд орохоор болсон. Хурдан эдгэрэхийг хүсэж байна" гэж Мексикийн Гадаад хэргийн яамны тэргүүн Твиттер хуудсандаа бичжээ. Элчин сайдыг эмчлэгч эмийн хэвлэлд өгсөн ярилцлагаар Валеро 2012 онд тархины мэс засал хийлгэсэн аж. Үүний дараа элчин сайдын тархины үйл ажиллагаа маш хурдан сэргэж нарийн төвөгтэй нийгэм, улс төрийн үүрэг гүйцэтгэх чадвартайгаа харуулсан байна. Гэхдээ дээрх үйл явдалтай холбогдуулан түүний тархины бүтэц, үйл ажиллагаа, биохимийн үзүүлэлтийг дахин судалж сэтгэл зүйн оношилгоо” хийх шаардлагатай болжээ. Рикардо Валеро Аргентин улсад суух элчин сайдаар энэ оны 3-р сард томилогдсон бөгөөд өмнө нь 2001-2004 онд Чилид элчин сайдаар сууж байсан аж.