Их Британийн парламент тус улсын Европын холбооноос гарах хуулийн төслийг сайшаан дэмжсэн тухай The Independent сонин мэдээлэв. “Brexit”-ийн төлөө парламентын 358 гишүүн санал өгч 234 депутат эсэргүүцсэн байна. Хэрэв ирэх долоо хоногт уг хуулийн төслийг парламентын хоёр танхим баталж, Хатан хаан II Элизабет гарын үсэг зурах юм бол Их Британи улс Европын Холбооноос тогтоосон хугацаанд буюу 2020 оны 1-р сарын 31-нд гарна. Тус хэвлэлд тэмдэглэснээр сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Борис Жонсоныг хурцаар шүүмжилжээ. Лейбористуудын үзэж буйгаар баримт бичигт ажилчин анги болон дүрвэгсдийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар тусгагдаагүй бөгөөд ерөнхий сайд өөрөө "жолоогүй" эрх эдэлж байгаа аж. Өнгөрсөн 12 дугаар сарын 12-нд болсон парламентын сонгуульд консервативчууд Нийтийн танхимд дийлэнх олонх болсон юм. Энэ нь эвсэл байгуулахгүйгээр засгийн газрыг эмхлэн байгуулах боломжийг олгож, улмаар Консерватив намын хууль тогтоогчдын санал болгосон ямар ч саналыг парламентаар батлуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.