АНУ-д суралцаж, амьдраад ирсэн уншигч Б.Долгормаагийн өнөөгийн Монгол орны хөгжил дэвшил, үйлчилгээний соёлын талаарх блог нийтлэлийг хүргэж байна.
Хөгжил дэвшил гээч зүйлийг их холоос хайх хэрэггүй юм шиг санагддаг. Хамгийн наад зах нь хувь хүний харилцааны соёлоос тухайн айлын, тухайн байгууллагын, тухайн улсын хөгжил харагддаг шүү дээ. Миний хувьд үйлчилгээний соёл хувь хүний хөгжил хоёр хоорондоо нягт холбоотой санагддаг юм. “Нүүрэндээ инээмсэглэл тодруулж чаддаггүй хүн дэлгүүр нээх хэрэггүй” гэх Хятад ардын мундаг зүйр үг бий. Худлаа ч болтугай инээдэггүй юм гэхэд ядаж битгий муухай хараач гэж гуймаар санагдах үе зарим үйлчилгээний байгууллагад ороход тохиолддог байсан шүү.
Алс холын Америк орныг зорин багагүй хугацаанд сурч амьдраад ирсэн миний хувьд Монголд үйлчилгээний байгууллагын соёл, ажилчдын харилцааны соёл, ахиц дэвшлийг хорь байтугай хоёр жилийн өмнөхтэй ч харьцуулшгүй ихээр өөрчлөгджээ гэдгийг онцлохыг хүслээ. Гэрээс гараад нийслэл хотынхоо гудамж талбайгаар алхангаа олон шинэ бүтээн байгуулалт, барилга байгууламжуудыг харахдаа манай хот ямар гоё болоо вэ хэмээн өөрийн эрхгүй бодогдсон шүү. Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дэлгүүр хоршоод, номын сан, кофе шоп, цаашлаад сонирхолтой арга хэмжээ, уулзалт эвентүүд салбар бүрт өргөнөөр зохион байгуулагддаг болсон байна. Мөн томчууд өндөр настнуудаа дэмжсэн бодитой ажлууд, автобус нийтийн тээврийн зохицуулалт, зорчих карт, үйлчилгээний болон банк санхүүгийн байгууллагуудын харилцаа үйлчилгээ, иргэдийн соёл, хүндлэл гээд их олон зүйл өөрчлөгджээ.
Намайг их сургуулийн оюутан байхад 24 цаг ажилладаг номын сан бүү хэл хүнсний дэлгүүр ч байгаагүй. Тухайн үед оройн цагаар тухтайхан суугаад хичээлээ давтчих номын санг би лав хайгаад олддоггүй л байсан юмдаг. Гэтэл өнөөдөр 24 цагийн номын сан, тэр дундаа зөвхөн оюутан сурагчдад бус энгийн иргэдэд ч нээлттэй үйлчилдэг МУИС-ийн шинэ номын сан, амттайхан халуун кофе уунгаа ном унших, хичээлээ хийх боломжийг бүрдүүлсэн кофе шопууд, эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэхэн, чанартай бүтээгдэхүүн хоолоор үйлчилдэг KFC, Pizza hut, CU, Circle-K зэрэг маш цэвэр тохилог 24 цагийн хоолны газар хүнсний дэлгүүрүүд, мөн томоохон худалдааны төв, супер маркет, эмнэлэг сувилал, сургууль цэцэрлэг, үйлчилгээний газруудын үүдэнд болон ойр орчимд байршуулсан 24 цагийн бэлэн мөнгөний машинууд гээд л тоочоод баршгүй олон шинэ үйлчилгээ нэвтрүүлж, тэр хэрээрээ ажилтнууд нь ч инээмсэглэн найрсаг үйлчлэхийг харах хамгийн сайхан байна. Тэр дундаа зориуд онцолмоор дэвшил хэд хэд буйг энд дурдмаар санагдлаа.
Хамгийн их анзаарагдсан зүйл бол хүн болгон л банкны карттай болж, бэлэн мөнгө хэрэглэхээс татгалзаад эхэлчихэж. Миний хувьд анх арван жилийн сурагч байхдаа ХААН Банкны карт нээлгэж байсан юм. Тухайн үед картнаас илүү бэлэн мөнгө их ашигладаг байсан болохоор дансандаа мөнгө байршуулах, мөнгө шилжүүлэх, орлого зарлагын гүйлгээ хийхдээ заавал банкны аль нэг салбарт очиж урт дараалалд тэвчээртэйгээр зогсдог байснаа сайн санаж байна. Би АНУ-д анх очоод "Банкны бүх төрлийн гүйлгээ, үйлчилгээг гар утсаа ашиглаад л хийчихдэг, ямар амар юм бэ? Манай Монголд хэзээ ийм сайхан болно доо" гэж өндөр хөгжилтэй орны үйлчилгээний дэвшилтэй танилцаж, “соёлын шок”-нд орохын зэрэгцээ цагаахнаар атаархаж байснаа нуух юун. Гэтэл Монгол Улс минь дэлхийн хөгжил дэвшилтэй дөрөө хоршуулан явааг эх орондоо ирээд л мэдэрсэн юм. Ирээд удаагүй байтал банкны карт шинээр нээлгэх хэрэг гарав. Сурсан дассанаараа ХААН Банкны салбарт очиж 100 хувийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ аваад нүүр дүүрэн инээмсэглэсээр гарсан. Учир юунд вэ гэвэл, шинэ карт захиалахдаа заавал банкны аль нэг салбар дээр өөрийн биеэр очих шаардлагагүй, картаа онлайнаар захиалаад л хүссэн газартаа үнэ төлбөргүй хүргүүлж авах боломжтой шинэ үйлчилгээ гарсныг мэдсэн. Түүнчлэн ХААН Банк бүх салбар тооцооны төвүүддээ засвар шинэчлэл хийж, үйлчлүүлэгчдийнхээ тав тух, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц, стандарт орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь үүдээр нь ормогц л шууд л мэдрэгдсэн.
Үүний нэг жишээ нь нийтийн ариун цэврийн өрөө. Өмнө нь үйлчилгээний байгууллагуудад нийтэд зориулсан ариун цэврийн өрөө огт байдаггүй байсан шүү дээ. Урт дараалалд удаан хугацаагаар зогсох үед өндөр настнууд, бага насны хүүхдүүдээ дагуулан яваа аав ээжүүдэд тохиолдох хүндрэлүүд гээд бишгүй асуудлуудад шийдэл олж, маш цэвэрхэн тохилог өрөөг шинээр бий болгож өгсөнд нь баярлаад барамгүй. Мөн банкны салбар бүрт олон тооны АТМ машинуудыг суурилуулж өгсөн нь үйлчлүүлэгчдийн цаг завыг ихээхэн хэмнэж буй нь харахад л андашгүй. Өмнө нь миний санаж байгаагаар банкны хаалгаар ормогц хажууд зөвхөн тасалбар авч үйлчлүүлдэг автомат машин л байдаг байсан бол хүмүүст чиглэл зааварчилгаа өгдөг Харилцагчийн зөвлөх гэх ажилтантай болсон нь харилцагчид, тэр тусмаа өндөр настай иргэдийг будилж хайран цагаа дэмий үрэхээс сэргийлсэн маш зөв шийдэл болжээ гэж харж байлаа. Үйлчилгээний байгууллагын ажилтнуудын харилцаа, хандлага эерэг сайхан болсныг мөн эндээс би анзаарсан. Ажилтан теллерүүдийн харилцааны соёл инээмсэглэл, ажилдаа хариуцлагатай хандаж буй байдал, түргэн шуурхай үйлчилгээ нь үнэхээр их таалагдсан.
Дараагийн нэг анзаарсан зүйл бол ХААН Банк жирэмсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд дугаар авч хүлээх шаардлагагүйгээр хүссэн үйлчилгээгээ хүндрэлгүй хүлээн авах цонх бий болгосон байсан. Мөн дийлэнх салбарууддаа хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд саадгүй орж гарахад зориулсан налуу замтай болгосон нь хүнлэг зөв шийдэл болжээ. Энэ мэтчилэн иргэд, үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг нэн тэргүүнд тавьж түүнийхээ төлөө үр дүнтэй, бодитой ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж. Үүгээр зогсохгүй АНУ-д очоод гайхан биширч байсан, банкны үйлчилгээг гар утсаараа авах боломжийг хэдийнэ бүрдүүлж, иргэдийн дунд ч энэ нь зуршил болжээ. Мобайл апп нь ч маш ойлгомжтой, тодорхой, илүү цэгцтэй гэхчилэн олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн нь техник технологийн эрин үетэй хэрхэн хөл нийлүүлэн алхаж буйг илтгэнэ. Энэ мэтээр олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж байгаад нь баярлаад барамгүй.
ХААН Банк бол Монгол орон даяар хамгийн олон салбартай үндэсний хэмжээний тэргүүлэгч банк. Тиймдээ ч тэр хэрээрээ бусад банкуудаас илүү олон харилцагч, үйлчлүүлэгчтэй, илүү их ачаалалтай байдаг нь дамжиггүй. Тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө гэдэгчлэн үйлчлүүлэгч та бид “Харилцагч бол хаан” гээд цээжээ дэлдээд байлгүй аливаад хүлээцтэй, зөв боловсон хандаж, үйлчилгээний байгууллагуудад тавьдаг хатуу шаардлага шалгуурууддаа өөрсдөө ч тэнцдэг байж, соёлтой үйлчлүүлэх аргад суралцах хэрэгтэй юм байна даа хэмээн бодогдлоо.
Улс орны хөгжил гэдэг өндөр барилга, үнэтэй чамин хэрэглэл, дэвшилтэт технологи, мөнгө санхүүгээр л хэмжигддэг зүйл биш юм. Миний ойлгосон хөгжил бол ХҮМҮҮС байлаа. Аливаа хүний хандлага, хэрэглэж буй үг сонголт, харуулж буй үйлдлээс л тухайн улс орны хөгжил дэвшлийг шууд тодорхойлчихож болох биз ээ.