Лхагва гарагт Тажик ба Киргизийн хил дээр болсон зодооны үеэр зургааy тажик иргэн шархадсан тухай Киргизийн хилийн алба мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав. Хоёр талаас нийтдээ 200 хүн оролцосон уг зодоон Киргизийн Баткен мужийн Кок-Таш тосгоны хэсэг оршин суугчид Тажикийн Чорхук тосгоны зөвлөлд багтдаг Сомониён суурины таван хүнийг зодсоноор эхэлжээ. Хариуд нь тажик иргэд киргизуудыг зогсоохоор очиж, улмаар хоорондоо чулуу шидэлцэж эхэлсэн байна. Энэ үеэр Киргизийн хилчид тажикууд руу буудаж эхлэхэд Тажикийн хилчид хариу болгон киргизүүд рүү гал нээсэн байна. Үүнээс болж зургаан тажик иргэн шархадаж эмнэлэгт хүргэгдсэн аж. Одоогоор хил дээрх байдал хэвийн болсон байна. 2019 оны есдүгээр сард Тажик ба Киргизийн хил дагуух өөр хоёр тосгоны оршин суугчдын хооронд болсон зодоон мөн л хилчид хоорондын буудалцан болж хувирахад дөрвөн хилчин амиа алдаж, 12 хүн шархадсан нэлээд ноцтой хэрэг гарч байсан юм. Киргиз Тажик хоёрыг заагласан 970 км хилийн шугамын 519 км нь л албан ёсоор татагдсан зурвастай бусад хэсэг нь одоо болтол маргаантайд тооцогддог юм. Маргаантай хэсэгт оршин суудаг киргиз ба тажик иргэдийн хооронд бэлчээр, ус, газар булаацалдсан энэ мэт жижиг мөргөлдөөн тогтмол үүсдэг аж.