Ерөнхийлөгч асан Эво Моралесыг баривчлах зөвшөөрлийг Боливийн Прокурорын газар лхагва гарагт өгсөн тухай тус улсын Дотоод хэргийн сайд Артуро Мурильо Твиттер хуудсаараа мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр прокурорын өгсөн зөвшөөрлийн зургийг нийтэлсэн байна. Прокурорын газраас мэдээлснээр Моралесыг үймээн самуунд өдөөн турхирсан, терроризмыг санхүүжүүлсэн хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд баривчлах зөвшөөрлийг өгсөн аж. Тиймээс энэ хэрэгтэй холбоотойгоор түүнээс “мэдүүлэг авч, мөрдөн байцаахын тулд зайлшгүй баривчлах шаардлагатай” аж. Боливид өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Эво Моралес ялсан юм. Түүний гол өрсөлдөгч Карлос Меса энэ дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Боливид эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, Моралес албан тушаалаасаа огцорч улмаар Аргентин улс руу цагаачлан гарсан юм.