Их Британийг Европын Холбооноос гарах тухай хуулийн төслийг 12-р сарын 20-ны Баасан гарагт тус улсын парламентын шинээр сонгогдсон танхимд өргөн барихаар төлөвлөж байна. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв. “Бид ЕХ-оос гарах тухай хуулийн төслийг баталж, энэ Баасан гарагт Нийтийн танхимд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна” гэж түүний хэлснийг Routers агентлаг иш татан мэдээлжээ. Ерөнхий сайдын төлөөлөгч нэмж хэлснээр Британийн Засгийн газар Brexit-ийг хэрэгжүүлсний дараа тус улс урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөлийн талаар ЕХ-той хурдан тохиролцож чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр Ерөнхий сайд Жонсоны ЕХ-той байгуулах гэрээ нь ЕХ болон Канад улсын хооронд 2016 онд хийгдсэн гэрээтэй ижил зарчимд суурилна гэдгийг баталжээ. Британийн парламент өнөөдөр буюу Мягмар гарагт /2019.12.17/ шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлнэ.