Эстонын Дотоод хэргийн сайд, Консерватив намын дарга Март Хельме Ням гарагт /2019.12.15/ TRE Raadio-д өгсөн ярилцлагынхаа үеэр Финландын Ерөнхий сайдад 34 настай Санна Марин томилогдсоныг шүүмжилжээ. “Үүнтэй холбогдуулан би Владимир Ульянов-Лениний хэлсэн дурын тогооч сайд болж болно гэсэн үгийг сануулмаар байна. Өнөөдөр бид худалдагч ерөнхий сайд болтлоо өсөхийг мөн бусад гудамжны идэвхтнүүд болон ямар ч боловсролгүй хүмүүс засгийн газрын гишүүд болж байгааг харлаа” гэж тэрбээр хэлжээ. Финландын шинэ засгийн газар улсынхаа эрх ашгийг хамгаалж чадна гэдэгт Хельме эргэлзэж байгаа аж. "Улаантнууд цагаантнуудаас хэрхэн түүхэн өшөө авахыг бид харж болно. 1918 онд Финландад болсон иргэний дайны үеэр Бүгд Найрамдах Финланд улсыг түлхэн устгахыг хүссэн улаантнууд одоо энэ улсыг Европын алслагдсан хөдөө болгохоор засгийн эрхэнд гарлаа. Тэр алслагдсан хөдөө хэдий Суом эсвэл Финланд гэж нэрлэгдэх боловч үнэн хэрэгтээ Фукуямагийн түүхийн төгсгөлийн тухай үзэл сурталын философийн биелэл болсон байна” гэж тэрбээр нэмж ярьжээ. Өнгөрсөн мягмар гарагт Финландын парламент эрх баригч Социал-ардчилсан намын дэд дарга Санн Мариныг олонхийн саналаар Ерөнхий сайдаар сонгосон билээ. Санн Марин дэлхийн хамгийн залуу үүргээ гүйцэтгэж буй ерөнхий сайд, Финландын түүхэн дэх хамгийн залуу засгийн тэргүүн болжээ.