Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөвшилцөлд хүрсэн боловч нэг улс түүнд нэгдэхээс татгалзсан байна. Энэ тухай Европын зөвлөлийн дарга Шарль Мишел тус уулзалтын эхний өдрийн үр дүнгийн талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Европын Холбооны дээд хэмжээний уулзалт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Энэ бол маш чухал шийдвэр юм. Нэг улсын хувьд бидэнтэй нэгдэхэд илүү их цаг хугацаа шаардлагатай байгаа. Бид энэ асуудлыг зургадугаар сард дахин хэлэлцэнэ” гэж Мишел хэлээд ямар улс нэгдэхээс татгалзсаныг тодорхой дурдаагүй байна. ЕХ-ны нэг улс нэгдээгүй байхад тус холбоо зөвшилцөлд хүрсэн хэмээн мэдэгдэх нь ямар учиртайг сэтгүүлчид асуухад Мишел "Бид уур амьсгалын төвийг сахих байдлыг бидний нийтлэг зорилго гэж үздэг. Гэхдээ нэг улс амлалт өгөх боломжгүй үе шатад байгааг бид ойлгож байна. Тийм учираас бид дахин уулзалт хийх болно” гэж хариулжээ. Гэхдээ Германы Канцлер Ангела Меркель дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Нэг улс буюу Польш өнөөдөр уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүргийг хүлээж чадсангүй” гэж хэлснээр ямар улс нэгдээгүйг тодруулж өгсөн байна.