Өчигдөр /2019.12.10/ Мюнхен хотын Грошадерн хотын эмнэлэгт ОХУ-ын төр нийгмийн зүтгэлтэн, Москва хотын дарга асан асан Юрий Лужков нас барсан тухай ТАСС мэдээлэв. Лужков нас барахынхаа өмнөх өдөр зүрхний мэс засал хийлгэхээр Германд эхнэрийн хамт ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Москва хотын экс дарга хагалгааны ширээн дээр нас ухаан оролгүй байсаар өөд болжээ. 83 настай Лужковын бие сайн байсан бөгөөд эмч нарын зөвлөснөөр зүрхний судсыг цэвэрлэх төлөвлөгөөт хагалгаанд орсон аж. Түүнийг гэнэт ийнхүү нас барсан явдалд эхнэр Батурина нь сэтгэл санааны гүн хямралд ороод байгаа аж.
Юрий Лужков Москва хотыг 18 жил удирдсан бөгөөд түүний засаглалын үед Москва Зөвлөлтийн хотоос орчин үеийн их хот болж өөрчлөгдсөн гэж зүйл ёсоор үздэг юм. Москва хотын өнгө төрхийг өөрчлөх төслүүдэд хөрөнгө босгож, гүйцэтгэлийг нь долоо хоног бүр биечлэн шалгаж, асуудлуудыг нь түргэн шуурхай шийдвэрлэдэг байсан гэж түүнтэй хамтран ажиллаж байсан хүмүүс ярьж байна. 1999 онд Оросын хамгийн нөлөө бүхий улс төрч байсан түүнийг Борис Ельцинийг залгамжлах хүн гэж олон хүн үздэг байв. Путиныг ерөнхийлөгч болсны дараа Лужков дахин 10 жил Москва хотыг удирдсан ч 2010 онд тухайн үеийн ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй таарамжгүй байснаас ажлаа өгсөн гэдэг. Мөн түүнийг хотын захирагч байх хугацаанд эхнэр Елена Батурина нь барилгын бизнес эрхэлж, Оросын хамгийн баян эмэгтэй болсон нь хардлага, сэжиг дагуулсан билээ.