Өчигдөр /2019.12.09/ Парис хотноо “Нормандын дөрөв”-ийн дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Талууд Штайнмайерын томьёонд үндэслэн Украины үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжээд, 2020 он гарахаас өмнө Донбассад бүрэн эвлэрэлд хүрэх амлалт гаргажээ. Энэ тухай Елисейн ордноос Мягмар гарагт /2019.12.10/тараасан уулзалтын хураангуйд дурдсан байна. “2020 он гарахаас өмнө гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, гал зогсоох тухай хэлэлцээрийг иж бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхээ талууд амласан” гэж баримт бичигт бичжээ.Орос, Франц, Герман болон Украины удирдагчид Луганск, Донецкийн зарим бүс нутагт "Нормандын формат" болон Гурван талт ажлын бүлгийн хүрээнд орон нутгийн өөрөө удирдах ёсны тусгай дэг журмыг нэвтрүүлэх бүхий л эрх зүйн асуудлаар санал солилцсон байна. "Талууд “Нормандын Дөрөв” болон Гурван талт ажлын бүлгийн хүрээнд тохиролцсон хувилбарын дагуу Украины үндсэн хуулинд Штайнмайерийн томьёог оруулах шаардлагатай гэж үзлээ" хэмээн тус хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. Дээд хэмжээний уулзалтын дүнд дөрвөн орны удирдагчид Гадаад харилцааны яамдын дарга нар болон улс төрийн зөвлөхүүдэд "тохиролцоонд хүрсэн үр дүнгээ баталгаажуулахыг" даалгажээ. “Талууд улс төр, аюулгүй байдлын асуудлыг, ялангуяа орон нутгийн сонгуулийг зохион байгуулах талаар энэ хэлбэрээр дөрвөн сарын дотор дахин нэг уулзалт зохион байгуулахаар тохиролцов "гэж мэдэгдлийн төгсгөлд дурджээ.