Унасан модны ур, чулуу ашиглан гэрэл “цацруулдаг” ширээ, хусны үйсээр урласан хогийн сав зэрэг бүтээгдэхүүнээрээ Хэнтий аймгийн Батширээт сумын “Хустай” нөхөрлөлийн гишүүн Б.Ганбат БОАЖЯ-наас зохион байгуулсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэнд оролцож байв. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд багадаа долоо хоног зарцуулдаг учраас бараа нь “хөөрхөн” үнэтэй юм. Хогийн сав гэхэд 100, бугын толгой шиг хэлбэртэй гэрлийн бүрхүүл 350 мянган төгрөгийн ханштай. Гэхдээ авчихсан байхад нэг насны хэрэглээ хэмээн Б.Ганбат хэлсэн. Ургаа модыг хөрөөдөлгүй, унасаныг нь ашигладаг учраас байгальд ээлтэйгээрээ эл бүтээгдэхүүн давуу талтай гэнэ. Зөвхөн Б.Ганбатынх бус, тус үзэсгэлэнд оролцсон 263 нөхөрлөлийн 400 орчим гишүүний хийсэн лааны суурь, цэцгийн сав, жааз, чихрийн таваг зэрэг ч ялгаагүй аж.
Модон урлалаас гадна зөөхий, шар тос, аньс, чацаргана зэргийг энд борлуулж байв. Аньсны өтгөрүүлсэн 350 грамм шүүс 5000, 200 грамм цөцгий 4000 төгрөгийн ханштай. Харин эсгий углааш хүүхдийнх нь 8000, том хүнийх 16 000 төгрөгийн үнэтэй байв. Нийслэлийн иргэд ч бараа бүтээгдэхүүний үнэд сэтгэл хангалуун буй бололтой. Иргэн Г.Батхишиг “Хөдөөнөөс ирсэн цагаан идээ хямд бас амт, чанартай санагдлаа. Гүзээтэй шар тос, аарц, чацаргана, ааруулын үнэ захынхаас арай хямд байна. Малчдаа дэмжвэл мал маллахын зэрэгцээ бичил бизнес хийх боломжтой бололтой” гэлээ.
Үзэсгэлэнд оролцсон нөхөрлөлүүдээс шилдгийг нь энэ үеэр тодруулсан юм. Ингэхдээ булаг шандаа хамгаалж, хийсэн бүтээлдээ хэр ур хийц, хөдөлмөр шингэснийг нь харгалзав. Тэргүүн байрт Хэнтий аймгийн “Цагаан нуга”, дэд байрт Төв аймгийн “Халиун буга” болон Архангайн “Могойхон” нөхөрлөлийнхөн шалгарлаа. Гутгаар байрт Хэнтийн “Амирлангуй”, Хөвсгөлийн “Баянбуурал”, Булганы “Ханатай баян улаан” нөхөрлөлийн гишүүд тодорсон.
Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм “Энэ үзэсгэлэнг 2017, 2019 онд зохион байгуулж байна. Нөхөрлөлийн гишүүд ихэвчлэн малчид байдаг. Малаа маллахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл хангах гээд тэдний ажил мундахгүй учраас өнгөрсөн жил энэ үзэсгэлэнг зохион байгуулж чадаагүй. Цаашид жилд хоёр удаа зохион байгуулахад анхаарч ажиллах төлөвлөгөөтэй. Эхний хоёр өдрийн байдлаар нөхөрлөлийн гишүүд 100 гаруй сая төгрөгийн орлого олсон” гэлээ.
Нөхөрлөлийн гишүүдийн бүтээл орон нутгийн байршлаас хамаараад өөр өөрийн онцлогтой. Говийн бүсийн нутагт байгалийн баялаг ховор. Тиймээс ан ангуурт түшиглэж байгуулсан хоёрхон нөхөрлөл үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг гэнэ. Харин Сэлэнгэ аймгийн “Уранбайгаль” нөхөрлөлийн ахлагч “Манай аймагт ойн сан бүхий газар их учраас хус мод ашиглаж лааны суурь, зургийн жааз зэргийг хийсэн. Төрөл бүрийн эмийн ургамлыг хатааж, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” гэлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэнээрээ 2017 оныхоос онцлог гэдгийг БАОЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Л.Эрдэнэбулган хэлсэн. Одоогоор 21 аймгийн хэмжээнд 1600 гаруй нөхөрлөлийн 41 300 гишүүн 8.2 сая га талбайг хамгаалж буй. Тус талбайгаас бэлтгэсэн модоороо бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч орон нутагт зах зээл хумигдмал учраас ийм үзэсгэлэн зохион байгуулах нь амьжиргаанд нь сайнаар нөлөөлдгийг ойн нөхөрлөлийн гишүүд онцлов. Зөвхөн орлого олоод зогсохгүй бусадтайгаа туршлага хуваалцах, хамтын ажиллагаагаа сайжруулах ч ач холбогдолтой гэнэ.