“Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 51 хувийг Хятадын нэгэн эмнэлэгт хувьчлах нь” гэсэн мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тархсан. Уг мэдээллийг нийгмийн сүлжээнд байршуулсан эх сурвалж Монголын урдаа барьдаг, чадвартай эмч нарын нэг бөгөөд түүнийг “Худлаа ярих хүн биш” гэж олонх нь үзжээ. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболдоос энэ талаар тодруулахад “Эмнэлгийг хувьчлах тухай мэдээлэл үндэслэлгүй, ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Хууль, эрх зүйн хувьд ч хувьчлах боломжгүй. Бид Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг 130 гаруй мянган хүнд хүргэдэг. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулахад хамгийн сүүлийн үеийн техник төхөөрөмжөөр тоноглосон. Ангиографи, MRI, CT зэрэг өндөр түвшний аппаратдаа тулгуурлан, зүүн бүсийн хүн амд тархины харвалт, зүрхний шигдээс, мэдрэлийн чиглэлээр тусламж үзүүлэхээр эмч нараа сургаж байна. Мөн цөмийн оношилгооны PET CT суурилуулсан нь улсдаа анхных. Ингэснээр хавдрыг эрт үед нь илрүүлэхээс гадна сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээ хийх боломж бүрдсэн” гэв.