“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг түрээслэх цахим бүртгэлийг өнгөрсөн долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5 хүртэл явуулсан. Үүнд 35 058 иргэн бүртгүүлсэн юм. Нийслэлийн Орон сууцын корпорац (НОСК) бүртгүүлсэн иргэдээс хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулалт хийж, сонгогдсон иргэдийн нэрийг нийтэд зарласан билээ. Аравдугаар сарын 23-25-нд эхний 300 айл байрны түлхүүрээ гардан авсан юм. Тэд 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 тоот орон сууцад ороод өдгөө сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэдгээр орон сууц нь 68.59, 49.23, 39.3 ам метр талбайтай байрнаас бүрддэг. Нэг ам метр талбайн сарын түрээсийн төлбөр 6000 төгрөг.
2019 оны арваннэгдүгээр сарын 30.
“Буянт-Ухаа 2” хорооллыг зорилоо. Цэцэрлэг, үйлчилгээний төв, авто зогсоол бүхий тус хорооллын 1035 дугаар байрнаас хойших есөн давхар есөн барилга түрээсийн орон сууцын зориулалттай аж. Явган хүний болон авто зам, зогсоол, тоглоомын талбай зэргийг барьж, хогийн цэг, сав байршуулжээ. Хорооллын 1035 тоот орцны мэдээллийн самбарт тус байрны оршин суугчдын өнгөрсөн сарын 20 хүртэлх цахилгааны болон СӨХ-ны төлбөрийн мэдээлэл бүхий цаас хадаастай харагдав. СӨХ-ны төлбөр нь 17 400, 19 900 төгрөг дүнтэй байлаа. Оршин суугчид “Байранд орсноос хойш өөрсдөө орцоо цэвэрлэсэн. Цахилгаан шат нь ажилладаггүй атал арваннэгдүгээр сарын СӨХ-ны мөнгө нэхэмжилж буй. Байрны гадаа, дотор камертай ч ажилладаггүй, хорооллын гэрэлтүүлэг муу. Энэ сар (өнгөрсөн)-ын сүүлчээс гурван цэвэрлэгч ажилд авсан гэж сонссон. НОСК-ынхан өөрсдөө СӨХ-г хариуцах болсон” гэцгээв. Оршин суугч С.Мөнхцэцэг “Би төрийн байгууллагад 32 жил ажиллаж, өдий хүртэл гэр хороололд амьдарсан. Цалингаараа байр худалдаж авна гэдэг миний хувьд мөрөөдөл. Таван жилийн турш сард нэг сая 150 мянган төгрөг төлөх гэрээ байгуулж, түрээсийн орон сууцад орсон. Манай байр 49.23 ам метр талбайтай. Төр, засаг болон НОСК-ын хамт олонд баярлаж байна. Камер байдаг ч ажиллаж буй, эсэхийг мэдэхгүй. Арваннэгдүгээр сард долоо хоног бүрийн ням гарагт оршин суугчид цэвэрлэгээ хийсэн. Ирэх (энэ) сараас цэвэрлэгчтэй болох биз. Түрээсийн орон сууцын айлууд дөнгөж байрандаа орж эхэлж буй учир цаашид НОСК-аас дутагдалтай зарим зүйлийг сайжруулах байх” хэмээв. Байрнуудын баруун талын хогийн цэгт нийслэлийн Хот тохижилт, үйлчилгээний газрын хогны машин ирж байлаа.
2019 оны арванхоёрдугаар сарын 2.
“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцад ороогүй үлдсэн 280 айл байрны түлхүүрээ гардаж авах болжээ. Тодруулбал, нийслэлийн Орон сууцын корпорацын ажилчид дээрх хороололд очиж, 1043, 1044, 1046, 1049, 1050 дугаар байрыг хүлээлгэн өгөх болжээ. 68.59 ам метр талбайтайг сонгосон айлууд даваа, 49.23 бол мягмар, 39.3 бол лхагва гарагт очиж, байраа хүлээн авахыг НОСК-аас мэдээлжээ. Байруудын цахилгаан шат яагаад ажиллахгүй, цэвэрлэгээгээ оршин суугчид өөрсдөө хийж байгаагийн учрыг тус корпорацынхнаас тодруулахад “Айлууд байрандаа бүрэн нүүж орсны дараа цахилгаан шатыг ажиллуулна. Учир нь айлууд нүүж орохдоо хүнд эд зүйлс цахилгаан шатаар зөөж, эвдэхээс сэргийлсэн. Тухайн байранд түрээсийн айлууд амьдарч буй. Өөрөөр хэлбэл, тэр байруудыг одоогоор хэн ч өмчлөөгүй учир манайхаас СӨХ-г хариуцаж байна. Айлууд анх нүүж орсны дараа орон сууцын гадна, доторх хог ихэссэн учир нэг удаа оршин суугчдаар цэвэрлүүлж, цэвэр орчинд амьдрах ойлголт, ухамсар төрүүлсэн. Нийслэлд анх удаа түрээсийн орон сууцын төсөл хэрэгжүүлж байгаа учир зөрчил, дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч тэр бүхнийг засаж, сайжруулж, жигдрүүлнэ. Түрээсийн орон сууцад зорилтот бүлгийн иргэд орсон. Айлууд нүүж орсны дараа судалгаа явуулж, үйлчлэгчээр ажиллах иргэдийг сонгоно” хэмээлээ.
“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээслэх, мөн адил хувийг түрээслээд өмчлөх, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд өгөх юм. Одоогоор 580 өрх буюу 60 хувь нь орон сууцынхаа түлхүүрийг авчээ. Үлдсэн айлууд байрандаа хэзээ орох талаар НОСК-ын Газрын менежментийн хэлтсийн дарга М.Эрдэнэбулганаас тодрууллаа.
-“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн 972 айлын орон сууцын үлдсэн 40 хувийг газраа чөлөөлсөн иргэдэд олгоно гэсэн байх аа?
-Нийслэлийн ИТХ-аас “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцын 40 хувийг газраа чөлөөлсөн иргэдэд өгөхөөр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга энэ оны аравдугаар сарын 16-нд Түрээсийн орон сууцын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай A/1074 дугаар захирамж гаргасан. Үүний хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах ажлыг нийслэлийн таван дүүргийн 19 байршил буюу нийтдээ 33 хороонд хэрэгжүүлэх болсон. Дахин төлөвлөх болсон газарт амьдардаг иргэд саналаа нэгтгэн, дөрвөн га хэмжээтэй газрыг чөлөөлөх хүсэлтээ манайд өгөх ёстой. Ингэснээр иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэнэ. Тухайн үнэд таарсан байрыг манайхаас санал болгож, гэрээ байгуулах юм.
-Үлдсэн 392 айлын орон сууц эздээ хүлээж буй. Эдгээр байранд орох хүсэлт айлуудаас ирж байгаа юу?
-Иргэд нэгдэн, газраа чөлөөлөх, байранд орох хүсэлт тавьж байна. Газрын хэмжээ дөрвөн га-д хүрэхгүй байх тохиолдол бий. Эхний ээлжид “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцад орох 392 айлыг сонгохын тулд ойролцоогоор дөрвөн байршлын дөрвөн га газрыг чөлөөлнө гэж тооцоолсон. Чөлөөлсөн газарт дараагийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон сууц, сургууль зэргийг барина. Ийм зарчмаар төсөл хэрэгжүүлэх юм. Хэрэв айлууд хүсэлтээрээ газраа чөлөөлөхгүй бол энэ төсөл, хөтөлбөр саатна. Ашиглалтад оруулсан, тухтай, дулаан орон сууцад иргэд шууд ороод амьдрах нь илүү дээр сонголт шүү дээ. Бид ирээдүйд барих байр, орон сууц амлаагүй. Шууд байраа газраар тань солъё гэсэн зарчмаар ажиллаж байна.
-Хамгийн багадаа дөрвөн га газар чөлөөлөх шаардлагатай. Үүнд ямар бүтээн байгуулалт хийх вэ?
-Тус дөрвөн га газарт орон сууц, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж барьж, иргэд ая тухтай, тохилог амьдрах нөхцөл бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын хэлсэнчлэн газрыг багаар биш, их хэмжээгээр чөлөөлж, нэгдсэн бүтээн байгуулалт хийх ёстой.
-Үл хөдлөх хөрөнгө, газрын үнэлгээ байрны үнээс зөрүүтэй бол яах вэ?
-Газраа чөлөөлөх хүсэлтээ өгсөн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ байрны үнээс зөрөх тохиолдол гарна. Бэлэн болсон орон сууцын нэг ам метр талбайн үнийг 1 450 000 төгрөгөөр тогтоосон. Жишээлбэл, хамгийн бага буюу 39.3 ам метр талбайтай байрны үнэ 57 сая төгрөг. Хэрэв иргэний газар, байшингийн үнэ энэ орон сууцын өртөгт хүрэхгүй бол дутуугаа таван жилийн хугацаатай, найман хувийн хүүтэйгээр төлж болно. Харин иргэний үл хөдлөх хөрөнгийн үнэ байрныхаас өндөр бол манайхаас зөрүү мөнгийг нь олгох юм.
-Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний байгууллагаа сонгосон уу. Иргэн тухайн үнэлгээний байгууллагын хийсэн дүнтэй санал нийлэхгүй бол яах вэ?
-Одоогоор үнэлгээний хэд хэдэн байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах хүсэлтээ тавьсан. Олон жил ажилласан, нийслэлийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож, айлуудын үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийж байсан, үйл ажиллагааны эрхтэй компанийг сонгоно. Иргэд өөрийн хүсэлтээр газар чөлөөлөлтөд нэгдсэний дараагаар үнэлгээ хийлгүүлнэ. Мөн иргэнтэй нөхцөлөө тохиролцож, гэрээ байгуулна. Хэрвээ айлууд бэлэн болсон орон сууцанд орохгүй бол манайх байрны дулааны мөнгө төлөх, ус хэрэглэхгүй байснаас шугам хоолой хөлдөх зэрэг асуудал гарах магадлалтай. Тиймээс аль болох хурдан нэгдэж, газраа чөлөөлөхийг иргэдэд уриалж байна.
Тус хорооллын 1047, 1051, 1052, 1054, 1055, 1057, 1058 гэсэн долоон орон сууцыг барьж, сантехник, ус, дулааны шугамыг холбон, айлууд оруулахад бэлэн болгожээ. Эдгээр 392 айлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу, дахин төлөвлөлтөд хамруулах болсон 19 байршлын иргэдээс сонгох юм.
Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шар хад гэсэн дэд төвийнхөн хамрагдах боломжтой аж. Мөн дээрх сонгогдсон байршлуудаас өөр газарт амьдардаг иргэд газраа байраар солих хүсэлт ирүүлэх болсныг НОСК-ын Газрын менежментийн хэлтсийн дарга М.Эрдэнэбулган хэлж байлаа. Гэсэн ч эхний ээлжид сонгогдсон байршлын иргэдийн газраа чөлөөлөх хүсэлт хамгийн чухал гэдгийг тэрбээр онцоллоо.
Бэлтгэсэн: Б.Уянга