БНХАУ-ын иргэд манай улсад олноор байршиж, цахим худалдааны сайтууд дахь бараа, бүтээгдэхүүн сурталчлах нэрийдлээр санхүүгийн гэмт хэрэг үйлдэхийг завдсаныг хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон бөгөөд өдгөө тус улсаас ирсэн шинжээчид тэрхүү 819 хүн чухам юу хийх гэж байсныг тодруулахаар ажиллаж байна. Хятад иргэдээс эд мөрийн баримтаар 13 мянга шахам гар утас, өндөр хүчин чадалтай 880 компьютер хурааж авсан. “Юнител”-ийн 590, “Скайтел”-ийн 2020 гаруй, “Жи Мобайл”-ийн 8100 дугаар худалдаж авсан нь шалгалтын явцад баримтаар нотлогдсон. Тэд чухам юуг, яаж хийх гэж байсан, хэн хэнийг хэрхэн хохироох гэж байсан нь удахгүй тодорхой болох биз ээ. БНХАУ хууль чангатай. Олон улсын кибер гэмт хэрэг хийхээр завдаж байсан нь нотлогдвол тэд шийтгэл хүлээнэ. Бид мэдэхгүй өнгөрч ч мэднэ.
Тэр хүмүүс Монголын үүрэн холбооны компаниудаас тийм олон дугаар худалдаж аваад л зогссон уу. Аль эсвэл гар утас эзэмшдэг монгол хүн бүрийн хувийн мэдээллийг авсан уу. Үүрэн холбооны компаниуд хэрэглэгчдийнхээ нэр, овгийг төдийгүй регистрийн дугаар, гэрийн хаягийг ч бүртгэдэг. Регистрийн дугаар гэдэг бол хурууны хээ гэсэн үг. Ингээд аваад үзэхээр харь улсын иргэд хувь хүнийг бүхий л талаас нь судалж, тэр хүн хэн юм, үр хүүхэд, эцэг, эх нь хаанахын хэн бэ, ямар ажил, мэргэжилтэй, хаана амьдардаг, тухайн гэр бүлийнхний цусны бүлгийг ч хүртэл мэдэж болно гэсэн үг. Манай улсын үүрэн холбооны компанийн удирдлагууд ийм олон дугаар худалдаж авъя гэхэд хардаж, сэрдэн, хууль, хяналтын байгууллагад хандаагүй нь хачирхалтай. Дансанд нь хэдэн сая төгрөг орж л байвал тэгэх тусмаа гадаадын иргэд хэдэн мянган дугаар худалдаж авах хамаагүй. Ийм болгоомж, сэрэмжгүй юм уу, эсвэл санасан ч нуугаад өнгөрөх эх оронч бус дотортнууд уу. Энэ үйл явдал хэрхэн өрнөж, яаж дуусах нь анхаарал татсан хэвээр.
Уншигч та дэлгүүрээс бараа худалдаж авахдаа төлбөрийн картаа уншуулахын зэрэгцээ хуруугаа дарж байна уу. Кассчин “Хуруугаа уншуулаарай” гэнэ, худалдан авагч юу ч бодохгүй, асуухгүйгээр хуруугаа тавиад гарна. Энэ хооронд яг юу болдог вэ. Худалдан авагчийн хувийн мэдээлэл хэнд, ямар хэрэгтэй вэ. Дэлгүүр ямар үндэслэл, давуу эрхээр хувь хүний нууц мэдээлэлд ийнхүү зоргоор халддаг юм бол. Хуруугаа уншуулахгүй, хэн ингэж шаардаад байгаа юм гэхэд, кассчин “Мэдэхгүй ээ” гэнэ. Ийм нэгэн учир битүүлэг бүртгэл явагдаад удав.
Одоогоос тав хоногийн өмнө 70114979 гэдэг дугаараас залгаад “Та тийм нэртэй төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал юм байна. Манайх нийгэм, эдийн засгийн судалгаа хийдэг байгууллага. Туршлагатай ажилчдын судалгаа явуулж байна. Таныг хамруулах гэсэн юм, дэлгэрэнгүй мэдээлэл авч болох уу” гэв. Туршлагатай ажилчид гэхээр нь гудамж цэвэрлэдэг, аль эсвэл хог ачдаг хүмүүс санаанд орж байх юм. Эрхбиш дээд сургууль төгссөн юм болохоор ажилчин биш, сэхээтэн, нийгмийн байдлын ангиллаар бол ажилтнуудын эгнээнд багтмаар юм гэсэн шүү юм тархинд зурсхийхийн зэрэгцээ юунд бүртгэх гээд байгааг нь асуухад дахиад л “Туршлагатай ажилчдын жагсаалт гаргаж байгаа юм аа” гэв. Ажил олгох, эсвэл санал болгох гээд байгаа юм уу, гайхлаа. “Байгууллагаа танилцуул, хаана байрладгаа хэл, удирдлагынхаа нэрийг хэл, хаанаас хэрхэн санхүүждэгийг чинь сонирхож байна” гэхэд өнөөх цовоо дуутай бүсгүй утсаа тасалчихлаа. Буцаагаад залгахад авсангүй. Энэ тухай хүмүүст хэлэхэд “Тийм ээ, ийм хүмүүс байдаг юм. Бүртгэж авч байгаад хэд хоногийн дараа та тийм үзүүлэлтээр манай шалгуурт тэнцсэн тул “Шилдэг захирал”, “Чадварлаг менежер” гэх зэрэг өргөмжлөл олгох боллоо. Та тэдний өдөр, тэнд, тэдэн зуун мянган төгрөгтэй ирж өргөмжлөлөө гардаж аваарай, танд баяр хүргэе” гэх гэж байгаа юм. Хэсэг хүн лав хоёр, гурван жилийн өмнөөс ингээд байгаа юм” гэлээ. За яах вэ, энэ хүмүүс өргөмжлөл зарж мөнгө олох гэдэг юм байж. Хувь хүний утасны дугаар, эрхэлдэг ажил, төрийн бус байгууллагаа бүртгүүлсэн тухай мэдээлэл зэргийг чөлөөтэй, ямар нэг хаалтгүйгээр хэрхэн олж авсан нь сэжигтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт төрийн бус байгууллага бүртгүүлсэн мэдээллийг тэр чигт нь бариад сууж байгаа санагдсан.
Иргэдийн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газар, оршин суугаа хороо, дүүрэг, Нийгмийн даатгалын болон Татварын ерөнхий газар, үүрэн холбооны оператор компаниудад байдаг. Бас ч гэж тоймтой. Гэтэл тэр мэдээллүүд хаана л бол хаана, хэний л бол хэний ширээн дээр байж байх нь аюулгүй оршихуй мөн үү.
Хувь иргэний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглаж бусдад гадаад паспорт гаргуулан өгч байсан тохиолдол нэг бус удаа дуулдсан. Тухайлбал, Цэрэнгийн нэр дээр авсан гадаад паспорттой яваа нөхөр харь оронд гэмт хэрэг үйлдвэл юу болох вэ. Цэрэн юу ч мэдээгүй, гэмгүй байж байгаад нэг л өдөр хэрэгтэн, ялтан болох бус уу.
Сонгууль болно оо, хууль тогтоох дээд байгууллагад ажиллах визийг сонгогчдоор даруулахаар нэр дэвшигчид нь гэв гэнэт дугаар хорооны иргэн бүрт хайр зарлаж, гар утсанд нь үүрэн утасныхантай өрсөлдөн элдэв зурвас илгээж залхаана. Хувь хүний утасны дугаар хороо, дүүрэгт нь бүртгэлтэй байдаг байж. Түүнийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр авч, улмаар гэртээ амарч буй, ажлаа хийгээд завгүй яваа хувь хүнд “Би танд хайртай” гэхээс наагуур үгтэй мессеж илгээх нь эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй явдал байлтай. Нэр дэвшигчид энэ үйлдлээрээ хувь хүний нууцад увайгүйгээр халдаж буйн зэрэгцээ “Сонгогчийг яаж ч болно” гэж байгаагаас ялгаагүй. Хачирхалтай нь, хувь хүний нууц руу өнгийж, мэдээллүүдийг нь зоргоор ашиглагчид болон тухайн мэдээллийн эзэн хувь хүн өөрөө ч энэ бүхэн байх ёстой мэт, зөрчил, дутагдал биш юм шигээр хүлцэнгүй ноомойгоор ашиглуулна.
Өдгөө Онцгой байдал, Цагдаагийн ерөнхий газар, бизнесийн зарим байгууллагаас гар утасны дугаараар мэдээлэл, сэрэмжлүүлэг ирдэг. Зарим мэдээлэл иргэдэд хэрэгтэй байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь хувь хүний мэдээлэл хаа сайгүй ил байж байдгийг илтгэх бөгөөд түгшүүртэй.
Монгол Улсын иргэний нууцтай холбоотой мэдээлэл хэзээнээс эгээ л автобусны буудал дахь зарлалын самбарт наагаад мартсан цаас шиг энд тэнд хөсөр явж байх болов. Энэ нь хэвийн үзэгдэл үү. Хувь хүн, гэр бүл, тэдний эрүүл мэнд, удам судар, генийн халдашгүй, бүрэн бүтэн байдалд хамаагүй юу.
Манай улс Хувь хүний нууцын тухай хуультай. 1995 онд Н.Багабанди Ерөнхийлөгч байхад УИХ-аар батлуулсан, нэгэн зүйлийг нь 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний хуулиар өөрчлөн найруулсан хууль байх аж. Уг хуулийн зорилт нь хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хувь хүний нууц гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илт хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэжээ. Хувь хүний нууц нь захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад гэсэн төрөлтэй байх аж. Хувь хүн нууцаа өөрөө хамгаална. Шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтад авч болно. Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана.
Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно. Хувь хүний нууцыг ил болгох тохиолдол байна. Улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хүрээнд ил болгож болно.
Хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Мөн уг хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Энэ хуулийг хэн, хаана, хэрхэн хэрэгжүүлж байна вэ. Дэлгүүрт ороод хүнсээ цуглуулаад гарахад хурууны хээгээ уншуул гэж шаардаад байх нь зөв юм уу. Худалдан авагчид хурууны хээгээ хүлцэнгүйгээр уншуулсаар байх уу. Юун мэдээлэл хаана хуримтлуулаад, хэзээ юунд ашиглах гэж байна вэ. Ер нь Монгол Улсын иргэнд хувь хүний нууц гэж байна уу.