Монголоо хэн өөрчлөх вэ
Монгол шиг муухай “юм” Монголд алга. Улс орон сөнөхийн даваан дээр байна, эрх баригчдын амьдрал л өөдөлж, иргэд ядуураад дууслаа гэх хүн Монголоор дүүрэн. Арга ядаж, цөхөрсөн нь амьжиргаагаа залгуулахын тулд харь орныг зорьж, манай улс идэвхтэй ажиллах хүчнийхээ бараг тал хувийг экспортолсон. Эдгээр асуудлыг шийдэх арга зам бий болов уу?
Enkhbat Dangaasuren: Монголд хэцүү, шударга бус байна, би явлаа гэх юм. Тэгэхээр хэн улсаа өөрчлөх вэ. Германчууд, япончууд, эсвэл хятадууд уу. Бидэнд Монголоо өөрчлөхөөс өөр сонголт байхгүй. Ухаартлаа, эсвэл сүйрч, гарцгүй болтлоо гасалж, гомдоллох уу.
Bayasakh: Гадаадаас харьсан хэд нь шар махтайгаа хатдаг сурагтай.
Enkhbat Dangaasuren: Бэлэн юм хүлээж ирсэн бол зовно.
Bayasakh: Монголд очихоор арын хаалга, авлига, танил тал гээд ажил хийлгэдэггүй гэх. Зорилт, зорилго нь тодорхойгүй, товчхондоо, ямар ч дүрэмгүй газарт ажиллах амаргүй шүү.
yesunerdene: Горьдлого, хүлээлт тээж ирээд хэрэггүй. Иргэд хүчтэй байж нийгэм өөрчлөгдөнө.
Хатагтай Tulip: Ийм байдал үүсгэсэн гол шалтгаан нь авлига. Авлигатай л дорвитой тэмцэж, хатуу хууль баталъя.
Түлш савлах хүн олдохгүй нь
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран сайжруулсан түлш савлах, сарын 1.2 сая төгрөгийн цалинтай 500 ажлын байр зарласан билээ. Гэтэл манайхан уг ажлыг голсон уу, эсвэл залхуурсан уу, ямартай ч Хөдөлмөр эрхлэлтийн газрынхан өөрсдөө түлш савлаж буй гэнэ. Энэ маягаараа сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарч, гэр хорооллынхон гал алдах юм биш биз гэж иргэдийн санаа зовж байна.
batkhuleg: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хамт олон сайжруулсан түлш савлалаа.
Одко: Түлшний нийлүүлэлт энэ маягаараа удахгүй зогсоно.
Michelle: Дутуу дулимаг ажил хийх юм.
ТӨГС: Үйлдвэрлэлд шилжүүлж болохгүй юм уу?
Mustang: Хоёр сар гаруй гүрийчихвэл хавар болно. Ирэх оны аравдугаар сар хүртэл савлах төхөөрөмжийнхөө хүчин чадлыг сайжруулах биз. Уг нь үйлдвэртээ савладаг юм билээ.
r. davaadorj: Архи ууж, агсам согтуу тавьсан нөхдөөр гудамжны цас цэвэрлүүлж, сайжруулсан түлш савлуулах хэрэгтэй. Зургаан дүүргийн эрүүлжүүлэх байр байнга дүүрэн хонодог гэнэ.
“Жамаараа явлаа”
Байгалийн түүхийн музейн барилгыг нураалгахгүй гэж төрийн бус байгууллагууд, жиргээчид хүчээ нэгтгэн өнгөрсөн намраас хойш тэмцсэн. Жагсаал, цуглаан зохион байгуулав, барилгын гадна суулт зарлалаа. Гэсэн ч тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Төр, засаг жагсагчдыг үл тоодог жишгээ дагав. Байгалийн түүхийн музейн барилга “жамаараа явлаа”.
С.Батзаяа: Сайд, түүний захиалагч хоёр санасандаа хүрлээ. Тэд юу ч сонсохыг хүссэнгүй, хэлэлцэх оролдлого ч хийсэнгүй, иргэдийн уур ундууцлыг гөлөгний гаслаан чинээ тоосонгүй. Тэнд өндөр байшин бариад, мухарт нь Чингис хааны зураг өлгөнө гэдэгт итгэлтэй байна.
Saruul.: Нэг сайд дангаараа шийдэх асуудал мөн үү. Засгийн газрын шийдэл.
Бөх VS Шинжлэх Ухаан: Түүхэн дурсгалт барилгыг төр хэзээ ч засахгүй. Харин ч өнгө үзэмжийг нь муутгаад, нурах шахсан мэтээр ярьж, газрыг нь авдаг жишиг тогтлоо.
2020 оны “бэлэг”
2020 он бидэнд цөөнгүй “бэлэг” бэлджээ. Тэдгээрийн нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн явдал. Үүнийг цалин өсөх нь гэж баярлан хүлээн авах нь өрөөсгөл. Харин ч нийгмийн даатгалын шимтгэлтэй зуузай холбон, ядарсан иргэд, аж ахуйн нэгжүүдээ туйлдуулах арга гэдгийг жиргээчид анхааруулав. Гэсэн ч “галт тэрэг” хэдийн хөдөлсөн.
Туяа: 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг болно.
МАДААМ: Баталсан юм уу?
Туяа: Өнгөрсөн онд шийдсэн.
Saxlaguud: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн нь цалин өснө гэсэн үг биш. Татвар, торгууль нэмэх л арга.
Maggie: Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ.
О.Амартүвшин: Уул уурхайгаас бусад салбар тэлж, өсөөгүй энэ үед хувийн хэвшилд дарамт учруулсан шийдвэр. Хэнээс ч асуулгүй шийдвэр гаргадгийг цаашид таслан зогсоох хэрэгтэй. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл өснө. Хэцүүхэн он гарах нь дээ.
Батсайхан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дээр нь нийгмийн даатгалын шимтгэл нэмээд, татварын багц хууль гаргаад, жижиг компаниудаа нядлахаар шийджээ.
Дарь эхийн сүмийг аваръя
Соёлын бас нэг өвийг хамгаалах талаар жиргээчид хөндсөн нь Амгалан дахь Дарь эхийн сүм. Их хүрээний үед байгуулсан тус сүмийг уг нь улсаас хөрөнгө гарган сэргээн зассан гэнэ. Гэсэн ч харж, хамгаалах хүнгүй орхисноос балгас болохдоо тулжээ.
Согоо: Амгалан дахь Дарь эхийн сүм буюу өнөөгийн Дулмалин хийд. Сүмийн зүүнтээ Сүхбаатар жанжны төрсөн гэрийн буурь гэх чулуун овоо байсан. Жанжны төрсөн газарт босгосон хөшөө дурсгал нэлээд эвдэрч, хараа хяналтгүй болжээ.
Ochbayar: Улаанбаатар хотын гэр хороолол дахь соёлын өвийг хамгаалах шаардлагатай. Хотын аялал ч хөгжинө. Дамбадаржаа, Дарь эхийн сүм, Сүхбаатарын төрсөн газар, Толгойт дахь Тоосгоны үйлдвэр, Зүүн салааны Одонтын 23 дугаар гудамж зэргийг хотын аяллын зорилтот цэг болгох боломжтой. Харамсалтай нь, 2012-2013 онд 500 сая төгрөгөөр тохижуулсан ч арчилж, тордолгүй хаясан. Ядаж манаачтай болгох хэрэгтэй.
Согоо: Хажуугийнх нь хашааны өвөө хамгаалдаг гэж байсан. Өөр хүн алга.
Garig Baatar: Дарь эхийн сүмийн урд талд боржин чулуугаар хийсэн, уран сийлбэртэй, 11 метр өндөр хоёр багана бий. Улсын хамгаалалтад авсан дурсгал шүү дээ.
Б.Энхтүвшин: 1994 оны үед баруун талд нь “Монгол кино” үйлдвэрийн кино хотхон байгуулна гээд шургааган хашаа татсан. Гэсэн ч газрыг нь зарсан бололтой.