Улаанбаатарын утаа буурдгийг, үнэхээр багасах боломжтойг бид энэ жил харлаа. Агаарын бохирдол гэж ярихаас өөр арга хэмжээ авч чадахгүй, хий дэмий л хашхирсан иргэд арга ядахдаа гудамжинд гарч, жагссан нь түүх болон үлдэв. Хотын утааны 80 хувийг үйлдвэрлэдэг гэр хорооллын айлууд сайжруулсан түлш хэрэглэх болсноор ийм үр дүнд хүрсэн. Гэтэл “Улаанбаатарчууд хүхэрт хордож байна” гэх сэрэмжлүүлэг саяхнаас чих дэлсэх болов. Утаа эрс мэдэгдэхүйц буурсныг харж, мэдэрч байгаа хүмүүст гэнэт юун хүхэр, хаанаас гараад ирсэн нь хачирхалтай санагдах биз ээ. Улаанбаатарын агаарыг бохирдуулагч эх үүсвэрийг холбогдох албаныхан дөрөв ангилдаг. Эхнийх нь мэдээж гэр хорооллын айлууд. Нийт утааны 80 хувийг тэд үйлдвэрлэдэг. Харин агаар бохирдуулагч хоёр дахь том эх үүсвэр нь автомашинууд. Улаанбаатарын утааны 10 гаруй хувийг бидний хөл дүүжилдэг унаанууд үйлдвэрлэдэг гэж өнгөрсөн оныг хүртэл албаныхан ярьдаг байлаа.
Энэ онд гэр хорооллынхон бараг утаа гаргахгүй байгаа учир дээрх үзүүлэлт нэлээд өөрчлөгдөнө гэж албаныхан үзжээ. Халаалтын улирал дуусахад буюу ирэх хавраас уг үзүүлэлтийг шинэчлэн тооцох гэнэ.
Харин дараагийнх нь эх үүсвэр болох цахилгаан станцууд бохирдлын зургаа орчим хувийг гаргаж, үлдсэн багахан хувь нь хатуу хучилтгүй замын сул шорооноос үүсдэг аж. Манай хот юутай ч утааныхаа гол эх үүсвэрээ дараад авлаа. Харин хоёр дахь эх үүсвэр болох автомашинуудын ялгаруулдаг хүхэр их байгааг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэлсэн.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас өчигдөр мэдээлснээр, агаарын чанарын голлох элементүүдийн нэг PM10 буюу том ширхэглэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 60 орчим хувиар буурчээ. Мөн PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор 50 орчим хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Тоосонцрын хэмжээ ийнхүү буурсан нь нүүрсний утаа агаарт дэгдэхгүй байгаатай холбоотой гэнэ. Харин хүхэр өнгөрсөн онуудаас илт өссөнийг агаарын чанарын суурин харуулууд мэдээлжээ.
400 000 “ҮЙЛДВЭРЛЭГЧ”
Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн наймдугаар сард гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо 1.2 саяд хүрчээ. Үүний тал хувь нь Улаанбаатар хотод байна. Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оруулдаг зохицуулалттай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн 70-80 хувь буюу багадаа 400 000 нь хотоор өдөр тутам холхидог. Нийслэлийн замаар давхих автомашины тоо жилээс жилд өссөөр, түгжрэл үүсгэж, сүүлдээ давхих биш, мөлхөх хэмжээнд хүртлээ олшров. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харахад Улаанбаатар хотын машины тоо 2008 онд 106 848 байснаа өнгөрсөн онд 401 725 болж нэмэгджээ. Автомашины тоо ийнхүү өссөн нь агаарын найрлага дахь хүхрийн хэмжээ ихсэхэд нөлөөллөө.
“ӨНДӨР НАСТНУУД”
Автомашины нас хүхэр үйлдвэрлэлд нэлээд хувь нэмэр оруулдаг гэнэ. Иргэдийн амьжиргааны түвшин сайнгүй ч яаж ийж байгаад хөл дүүжлэх унаатай болох хүсэлтэй. Үнэ хямдыг нь бодож 5-10 жилийн настай тээврийн хэрэгсэл худалдаж авдаг нь утаа ихсэх гол шалтгааны нэг. Хотын нийт автомашины 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн настай гэхээр ямархуу хэмжээний бохирдол ялгаруулж буй нь тодорхой биз. Дээр нь “өндөр настай” машинууд мөлхөж ядан, түгжрэлд “унгаж” зогсохдоо хэвийн хэмжээнээс харьцангуй их бохирдол ялгаруулдаг гэнэ.
Нийтийн тээврийн, том оврын автобуснууд энэ бохирдлыг улам гааруулна. Уг нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS 5012:2011 гэсэн стандарт манай улсад бий. Эл стандартыг шинэчлэх шаардлагатайг албаныхан хэллээ. Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагынхан хамтран замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд, тэр дундаа нийтийн тээврийн хэрэгслүүд хэр их утаа гаргаж байгааг хэмжиж, зөрчилтэй бол арга хэмжээ авч, торгууль ногдуулах хяналт шалгалтыг 2008 оноос хойш өдий хүртэл жил бүр зохион байгуулжээ. Уг шалгалтаар нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаа автобуснуудын 60-аас дээш хувь нь тогтмол муу дүн авдаг. Стандартад нэг автобусыг 12 жил явуулах ёстой гээд заачихсан учир тэр хүртэл, тэнхээг нь тасартал явуулдаг гэнэ. Тиймээс асуудлыг шийдэх гарц нь стандарт дээрх 12 жил гэдэг тоог багасгах гэдгийг албаныхан хэлсэн.
ШАТАХУУНАА САЙЖРУУЛЪЯ
Манай хот хүхэрт “өлгийдүүлсэн” бас нэг шалтгаан нь чанаргүй шатахуун юм байна. Гэр хорооллын айлууд сайжруулсан түлш хэрэглэснээр утаа багассан шиг автомашинууд ч сайн түлш хэрэглэвэл бохирдол буурах нь. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл энэ талаар “Хүхэр ихтэй түлш ашигладаг учраас машины яндангаас бохирдол их ялгараад байна. Манай улс уг нь шатахууны стандарттай. Шатахууны хүхрийн агууламжаас хамаараад “Евро-1”, “Евро-2” гэх зэргээр ангилдаг. Жишээ нь, “Евро-3”-ын хүхрийн агууламж 150 ppm. Харин “Евро-5”-ынх 50, “Евро-6”-гийнх 10 ppm байдаг. Стандартаа мөрдвөл Монгол Улсад “Евро-3”-аас дээш ангиллын шатахуун хэрэглэх ёстой. Шатахууны чанарыг л сайжруулахгүй бол иргэдэд сайн, шинэ машин ав гэж хэлээд ч нэмэргүй. Шинэ машин авлаа ч муу шатахуун хэрэглэвэл дорхноо л утаа хаягч болно” хэмээв. Улаанбаатар хотод импортолсон шатахууны ердөө 20 орчим хувь нь л дээрх стандартад нийцдэг байна.
Автомашинаас үүдэлтэй бохирдол буюу хүхрийн хороос сэргийлэхийн тулд төр, засгаас ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ сарын 13-нд 346 дугаар тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврийн автобус, үйлдвэр, аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулдаг машинууд хэр их бохирдол ялгаруулж байгааг хэмжиж буй гэнэ. Түүнчлэн нийслэл дэх шатахуун түгээх станцуудаас дээж авч, шатахууны чанар, хүхрийн агууламжийг шинжилж эхэлжээ. Хяналт шалгалтаа ирэх сарын 5 гэхэд дуусгаад, ямар арга хэмжээ авахаа тодорхойлох юм билээ.
Бэлтгэсэн: М.Оч