УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзав.
Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсон Павит Рамачандранд УИХ-ын дарга баяр хүргээд хамтын ажиллагааны хүрээнд тусалж, дэмжсээр ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв. ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нь бидний тулгамдсан асуудал болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод эдийн засгийн өсөлт ирэх онд удаашрах магадлалтайг өгүүлсэн байна. Тиймээс экспортыг урт хугацаагаар дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа хэлэв. Тэрбээр “Хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал зорилтын нэг боллоо. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк санхүүгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, эрчим хүчний салбар дахь дэд бүтцийг сайжруулах зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилт тавьсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал чухал хөшүүрэг болно. Макро эдийн засгийг тогтворжуулахад чухал үүрэгтэй дэд бүтцийн томоохон төслүүдэд санхүүжилт шаардлагатай. Бид газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүнээр хоёр хөршөөс хараат явж ирсэн байдал өөрчлөгдөнө. Гадаад худалдаанд тарифын болон татварын хөнгөлөлт үзүүлэх тухай ч хоёр хөрштэйгөө хэлэлцэж буй. Энэ мэт олон салбарт Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүсэж байгаа юм. Монгол Улсын УИХ Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна” гэв.
Павит Рамачандран хамтын ажиллагаагаа урт хугацаанд үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд, “Монгол Улсын банкны салбарт хийж буй өөрчлөлт амжилттай өрнөж байна. “Саарал жагсаалт”-аас гарах, эдийн засгаа сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно. Хөдөө аж ахуй, дэд бүтэц гээд олон салбарт бид хамтрах боломжтой” гэв.
Бэлтгэсэн: Г.Жавхлан