- 197 хүн тутамд архи борлуулах нэг цэг ногдож байна –
Нэг сар ч хүрэхгүй хугацаанд танилуудаас маань хоёр ч хүн архины хордлогоор нас барсныг дууллаа. Хоёулаа л 30 гаруй настай, ид хийж бүтээх үедээ хар усанд хордоод, хорвоог орхив. Тэд “Азийн чоно” шиг хортой архи уугаагүй, олон хоногоор хэтрүүлэн хэрэглэснээс амиа алджээ. Яг ийм шалтгаанаар дэлхий дахинд минут тутамд зургаан хүн нас бардгийг ДЭМБ-ын судалгаанд дурдсан байна. Хүн төрөлхтнийг олон зуун жилийн турш донтуулж, сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийг нь доройтуулсаар буй эл хар уснаас улс орнууд эхнээсээ татгалзаж, хуулиараа хатуу чанга хориг тавьж буй. Харин манайд архины холбогдолтой, түүнийг хязгаарласан хууль, тогтоомжууд нь хэрэгждэггүй хэвээр. Энэ гашуун ундааны хор уршиг, үнэн төрхийг мэддэг хэрнээ хөл алдан, живцгээх боллоо.
Үүний тэргүүн шалтгааныг одоо сийрүүлье. Монголд хамгийн ашигтай бизнес нь согтууруулах ундаа. Архины үйлдвэрлэл эрхлэгч, худалдах цэг ажиллуулагч, цэнгээний газар, караоке, зочид буудлын эзэд хамгийн их орлогтой байдаг нь юутай эмгэнэлтэй. Ард түмэн нь бор дарсанд хөлчүүрхэн, мөнхийн галзуу солиотой мэт авирлах нь эрх баригчдад ашигтай байдаг юм уу. Архи үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх газар, цэгүүдийн зөвшөөрлийг баруун солгойгүй олгосоор байгаа нь ингэж хэлэхэд хүргэв.
“Хүүхдээс бусад нь л архи уух юм даа” хэмээх олонхын үг ч өдгөө худал болов. Учир нь 12, 13-хан настай багачууд хүртэл хар усанд толгойгоо мэдүүлчихсэн, гудамж, талбай, орц, хонгилд хүн айлгаж, ичээхтэй бишгүй таарна. 15-45 насныхны дунд явуулсан судалгаагаар, хоёр хүн тутмын нэг нь архи хэрэглэж үзжээ. Монголчууд хар усанд нийтээрээ ийнхүү живснийг илтгэх тоо баримт өчнөөн бий. 2019 онд нийтэлсэн “Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” судалгаанд өгүүлснээр, манай улсын согтуу-
руулах ундааны үйлдвэрлэл 2017 онд 671 тэрбум төгрөгт хүрч, борлуулалт нь 740.9 тэрбум буюу 2008 оныхоос тав дахин нэмэгдсэн нь эл салбарын эрэлт хэрэгцээ хэр ихийг харуулна. Өөрөөр хэлбэл, монголчуудын архины хэрэглээ ашиг, орлого нь аж үйлдвэрлэлийн салбарын эхний зургаад бичигдтэлээ цойлжээ.
Дэлхийд 15-аас дээш насны нэг хүнд жилд дунджаар 6.4 литр архи ногддог бол манайд энэ үзүүлэлт 12.1 литр. Зарим хүн “Миний 12 литр архийг хэн уучихав” гэж хошигнодог ч энэ бол инээдэм, тоглоом биш. Бүр нарийвчилбал, 2018 онд насанд хүрсэн нэг хүн жилд 39.1 литр шар айраг, 12.1 литр архи, 1.3 литр вино “хэрэглэснийг” Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон хэлсэн. Согтууруулах ундааны дотоодын үйлдвэрлэл, экспорт, импорт, борлуулалт зэрэгт тулгуурлан гаргасан дүн нэг иймэрхүү. Нийтээр нь тооцвол нэг хүний согтууруулах ундааны жилийн хэрэглээ 52.5 литрт хүрчээ. Тэгвэл энэ их архи, согтууруулах ундааг бид хаанаас хүртээд байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Нэгэн танил ах, эгч хотын төвд гурван өрөө байр худалдан авч, нэгдүгээр давхрынх нь үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэх болсон юм. Олон хүний зөвлөснөөр тэд найман нэрийн хүнс, барааны дэлгүүр ажиллуулж эхэллээ. Тус бүр нь 16 давхар дөрвөн байрны нэгдүгээр давхруудад дор хаяж ийм хүнсний дэлгүүр гурав байсан ч ашиг, орлого нь буурсангүй. Харин ч тэд “Манай байр 250 айлтай. 700 гаруй хүний хүнс, барааг хангаж байна. Хамгийн гол нь архи, пивоноосоо ихэнх ашгаа олчихдог. Архитай байхад хэзээ ч модоо барихгүй” хэмээн бахархалтай хэлэх нь нэг талаар гунигтай. Тэдний дэлгүүрийн урдуур өнгөрөх бүр шахам л архи, шар айраг, ус, ундаа ачсан түгээлтийн машин зогсож, бараагаа зөөж харагддаг. Өдөр ирэх тусам ах, эгчийн амьдрал ч дээшилж, нэг жийп, бас бараанд “явдаг” дунд оврын ачааны машинтай болов.
Хүн амын олонх нь нийслэлд амьдарч, тэр хэрээр худалдаа, үйлчилгээний газрууд Улаанбаатарт төвлөрсөн. Гэхдээ энэ нь орон сууцын барилгын нэгдүгээр давхар бүрт архи худалддаг гурав, дөрвөн цэг байгуулах зөвшөөрөл олго гэсэн үг биш байлтай. “Согтууруулах ундааны хэрэглээ, өнөөгийн байдал 2019” судалгаанд дурдсанаар, 2008 оноос хойш нийслэлд согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо тасралтгүй өсөж, өдгөө 5000 орчим болов. Тодруулбал, архи худалдах зөвшөөрөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 нь зоогийн болон цэнгээний газар, ес нь кафе, долоо нь супермаркет, дөрөв нь хүнсний бөөний худалдааны төв байгааг судлаачид тогтоож. Жил ирэх тусам архи, согтууруулах ундааны үнэ нэмэгдэж буй ч хэрэглээ нь буурахгүй, харин ч эсрэгээрээ өссөн нь үүнтэй холбоотойг мэргэжлийнхэн тайлбарласан. Дээрээс нь монголчуудад “заавал” архи ууж тэмдэглэдэг баяр ёслол чнөөн байдаг нь энэ төрлийн хэрэглээг хавтгайруулахад дэм болсоор.
ҮСХ-ныхны судалгаагаар, нэг сая гаруй хүнтэй нийслэлд архи зардаг худалдааны болон хүнсний дэлгүүр 2812, цэнгээний газар 457, кафе 428, зоогийн газар 564, зочид буудал 326 байна. Архичдыг орогнуудаг, угждаг газруудын олонх нь цэнгээний газар, зочид буудал гэдгийг иргэд хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Өнгөрсөн онд зэрэглэлгүй зочид буудлуудын орлого л гэхэд 2017 оныхоос 12.4 тэрбум төгрөг буюу 40.8 хувиар өсжээ. Зэрэглэлгүй гэж онцолсон нь, гурав буюу түүнээс дээш одтойд нь гадаадын жуулчид, төлөөлөгч голдуу буудалладаг. Харин жижиг дэн буудлынхан архичдыг утгаар нь ундаалдгийг, алив гэмт хэрэг, биеэ үнэлэхэд орон байраар “хангадаг” болохыг судлаачид шүүмжилдэг. Орлого нь өссөн нь тэр хэрээр үйлчлүүлэгч тасардаггүй, улам нэмэгдэх болсныг гэрчилнэ гэх.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг нийслэлд 2000 хүн тутамд нэг байх ёстой. Харин Улаанбаатар хотод 197 хүн тутамд ийм нэг цэг ногдож, архидахыг “шаардсаар” байгаа нь харамсалтай. Үйлдвэр, цэгүүдийн тоог цөөлөхгүйгээр архичидтай мянга тэмцээд нэмэргүйг албаныхан хэлдэг. Гэтэл архи, согтууруулах ундааны сурталчилгаа нь ч нээлттэй, тав алхаад л караоке, зоогийн, цэнгээний газарт иргэд олноороо хөлчүүрхэж байхад тоож байгаа эрх мэдэлтэн нэгээхэн ч алга. Үүний уршгаар архины архаг болон хурц хордлогоор нас барагсдын тоо жил ирэх тусам олширсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийнхэн хэлсэн.
Жилд дунджаар 400-500 хүн хар уснаас болж хорвоог орхих болжээ. Архинд донтох өвчний тохиолдол жил ирэх тусам ихсэж, өвчлөгсдийн нас нь залуужин, охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь ч дээшилснийг тус эмнэлгийн дарга Д.Ганбат өгүүлэв. Тэрбээр “Хүнсний дэлгүүр, цэнгээний газруудад худалдаж буй архи, задгай шар айрганд янз бүрийн өдөөгч, донтуулагч бий гэх. Иргэд архи, дарс хүртдэг болоод 2-3-хан жилийн дотор донтох өвчтэй болж буй нь үүнтэй холбоотой байж мэднэ. Тиймээс архи, шар айргийн химийн найрлагыг судлах хэрэгтэй. Тархины харвалт, зүрхний шигдээс, залгиур, ходоод, элэг, нойр булчирхайн хавдар гээд олон өвчний шалтгаан архи болсоор. Цаашлаад гэр бүл салах, хүчирхийлэл, гэмт хэрэг, авто ослын дийлэнх хувийг согтуугаар үйлдэж байна. Шийдвэр гаргагчид “Архидалт нэмэгдлээ” гэж цоллохоос бус, үүнтэй тэмцэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй нь гайхмаар” гэсэн юм.
Төр, засгаас өнгөрсөн хугацаанд архины хэрэглээг хязгаарлах дорвитой арга хэмжээ аваагүй нь дээрх тоо баримтуудаас харагдана. ДЭМБ-ынхан согтууруулах ундааг их, бага хэмжээгээр хүртсэн ч эрүүл мэндэд хортой хэмээн үзэх болсон. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэрэглээг бүрэн таслан зогсоохыг зөвлөж буй. Харин бид эл зөвлөмжийг сөрж, архи худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аль болох нэмсээр.
Архины хэрэглээ өндөртэй дэлхийн улс орнууд согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг хуулиар зохицуулж, худалдан авах боломжийг нь хязгаарлан, үнэ, татварын механизмаар дамжуулан эрэлтийг нь бууруулж чаджээ. Манайд ч эдгээр арга үр дүнтэйг судлаачид хэлдэг. Монголын нөхцөлд архидалттай тэмцэх хамгийн эхний алхам нь борлуулах цэгүүдийг стандартад нийцүүлэн цөөлөх, худалдах өдөр, цагийн хязгаарлалтыг нэмэх явдал аж.