Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор шүүхийн шинжилгээний байгууллагын талаар янз бүрийн мэдээлэл гарч, энэ чухам ямар байгууллага болох, юу хийдэг, ямар мэргэжил, боловсролтой хүмүүс ажилладаг талаар мэдэх гэсэн иргэдийн хүсэлт их байгаа нь анзаарагдсан юм.
УИХ-аас 2009 онд баталсан Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Тус байгууллага нь хэргийн газрын үзлэгт оролцож ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх, тэдгээрт шүүхийн шинжилгээ хийн дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй алба” гэжээ. Нийслэлийн хэмжээнд 100 гаруй шинжээч ажилладгийн 40 орчим нь эмэгтэй. Цаг, нартай уралдаж, хэргийн газарт шуурхай ажилладаг, чих соргог, нүд хурц шүүхийн шинжээч бүсгүйн ажлын нэг өдөр хэрхэн өрнөдгийг Чингэлтэй дүүрэг дэх Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч, дэслэгч Б.Болор-Эрдэнээр төлөөлүүлэн сурвалжиллаа. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Дорнод Сибирийн дээд сургуулийг криминалистикч буюу шинжээч мэргэжлээр суралцан төгсөж, дээрх хэлтэст шинжээчээр ажиллаад хоёр жилийг үджээ.
16.30 цаг. Шинжээчийн өглөө 08.30 цагт ээлж хүлээлцсэнээр эхэлдэг. Ээлж хүлээлцэх цагтай нь давхцан дуудлага ирэх тохиолдол байдаг тул дараагийн ээлжийн хүн бусдыгаа хүндлэн эрт ирэх шаардлагатай. Орон тоо бага, ажилтан цөөн тул тэд нэг, нэгнийхээ цаг хугацаанаас бага ч болов “хумслахгүй” байхыг хичээн 08.00 цагт ирцгээдэг гэсэн. Шинжээчид 24 цаг ажиллаж, 48 цаг амардаг. Өнгөрсөн өдөр нь 24 цагийн турш ажилласан шинжээч дараагийн ээлжийн хүндээ хүлээн авсан дуудлагын жагсаалт, шинжлэх шаардлагатай эд мөрийн баримтыг хүлээлгэн өгдөг аж. Ул мөр, эд мөрийн баримт хүлээлцэх, шинжээчийн бүртгэл, шинжилгээний бүртгэл гэх дөрвөн төрлийн дэвтэртэй. Ажлаа хүлээж авсны дараа гэмт хэрэгтэн, хохирогчийн гарын хээг шинжлэх, сангаа бүрдүүлэх гээд тэдний ажил үргэлжилнэ. Бид 16.00 цаг өнгөрөөж аажуу ирсэн нь учиртай. Улаанбаатар хотод гэмт хэрэг гардаг үе үдээс хойш буюу ажил тарахтай зэрэгцэн эхэлдэг гэнэ. Хүмүүс ажилдаа явж гэр нь эзэнгүй үлддэг тул өдрийн цагаар орон байрны хулгай гаардаг.
Орой ажлаа тарж гэртээ ирсэн иргэд дуудлага өгдөг аж. Мөн гэгээ эрт тасарч, харанхуй болохтой зэрэгцэн дээрэм хийх нь ихэсдэг тул шинжээч, цагдаагийнхны ажил орой ид “буцалж” эхэлнэ. Биднийг очиход Б.Болор-Эрдэнэ өмнөх өдөр ажилласан шинжээчийнхээ цуглуулсан эд мөрийн баримт (гэрэл зураг), хурууны хээ зэргийг мэдээллийн сандаа бүртгэж байлаа. Сэжигтнээр татсан болон хохирогчийн гарын хээг нэг бүрчлэн нарийвчлан тулгаж байж санд оруулах ёстой. Тэдний санд 28 000 шахам гарын дардсын бүртгэл бий. Сурвалжилгын маань гол баатар цаг, минут бүрийг бүтээлчээр өнгөрөхийг хичээдэг нэгэн аж. “Гарын мөр тулгах, шинжилгээ хийх, бичих, хууль орчуулах гээд олон ажлыг дуудлага ирж, ачаалал нэмэгдэхээс өмнө амжуулах ёстой” хэмээсэн. Ямар хууль орчуулж байгааг нь тодруулбал, “Оросын хуулийг Монголынхтой харьцуулж, судалж байгаа” гэлээ. Зүгээр суух дургүй 25 настай шинжээч бүсгүйг мэргэжил нэгтнүүд нь “ажлын хэнээт” гэж хочилж, дуудах нь ч бий.
17.30 цаг. Шинжээчийн өрөөнд сууж байтал гаднаас хоёр хүн орж ирлээ. Нэг нь цагдаа, нөгөөх нь “урт гарт”. Түлхүүр тааруулж автомашин хулгайлж байгаад баригдсан тул санд бүртгүүлэх шаардлагатай болжээ. Б.Болор-Эрдэнэ түүний нэр, нас, гэрийн хаяг, боловсрол зэргийг асуусны дараа хурууны хээг нэг бүрчлэн авлаа. Дараа нь биеийн аль нэг хэсэгтээ шивээс хийлгэсэн, эсэхийг тодруулж, зургийг нь авсан юм. Зүгээр ч нэг зургийг нь авахгүй шугамаар хэмжиж, ямар шивээс байгааг нарийвчлан бичиж санд оруулах ёстой. Түүний баримталдаг зарчим бол бүртгэж буй сандаа дутуу мэдээлэл оруулахгүй байх. Дараа нь авсан хурууны хээгээ нэг бүрчлэн тулгаж үзлээ. Гэмт хэрэгт холбогдогчоос мэдээлэл авч буй энэ үед хэрэг шалгаж буй мөрдөгчийг хамт байхыг заавал шаарддаг. Учир нь овог, нэр, насаа худал хэлэх магадлалтай. Шивээсийн зургийг авахдаа хаалга, хөшиг зэргийг сайн хааж авахгүй бол гялбаж, дутуу гарах эрсдэлтэй. Тиймээс хаалга, хөшгөө хаасан үед эмэгтэй шинжээчийг дээрэлхэх, хэл амаар доромжлох, тэр ч бүү хэл зугтах эрсдэлтэй тул мөрдөгч нь заавал хамт байх ёстой аж.
20.50 цаг. Худалдахыг хориглосон цэгт тамхи зарсан тохиолдол гарсан тул шинжээчээр зургийг нь авхуулах шаардлагатай хэмээн Жижүүрийн шуурхай албаныхан дуудлаа. Өрөөнөөс гарч, үүдний хэсэгт очиход ТҮЦ-т хулгайгаар тамхи худалдсан тохиолдлыг илрүүлэн хураан, тоолж авч, бүртгэж байв. Нийт 700 гаруй хайрцаг тамхи хураажээ. Б.Болор-Эрдэнийг зураг авч байх хооронд архи ууж танхайрсан хэд хэдэн хүнийг цагдаа нар авчирсан юм. Олонх нь эмэгтэйчүүд. Архи ууж танхайрсан тэр хүмүүсийг цагдаагийнхан дуудлагын дагуу очиж авчирдаг. Харин “сайн дураараа” ирж цагдаа нарт агсам тавьдаг нь ч бий. 50 гаруй насны эр Цагдаагийн хэлтэст ирээд, тэнд байсан бүх хүн рүү орилж, хашхичин агсам тавих нь тэр. Нэр, гэрийн хаяг нь тодорхойгүй тул эрүүлжүүлэх байранд хонуулна гэнэ. Бор дарс хүртсэн бас нэг эр уурандаа хаалга өшиглөн, шилийг нь хагалж орхилоо. Агсам тавих эдгээр хүнийг Эрүүлжүүлэх байр луу хүргэх машин өмнөх дуудлагаасаа ирж амжаагүй байсан тул тэд дураараа аашилсан нь энэ.
21.30 цаг. Хурааж авсан тамхины зургийг авсны дараа шинжээчдийн өрөөндөө буцаж орлоо. Дуудлага хараахан ирээгүй тул Б.Болор-Эрдэнэтэй яриагаа цааш үргэлжлүүлэв. Тэрбээр өөрийн оюутан ахуйн насаа ийн дурссан юм. “2011 онд ОХУ-д шинжээч мэргэжлээр суралцах хүүхдүүдийг Шүүхийн шинжилгээний хүрээлэн цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн юм. Ээж
минь нэг өглөө намайг бүртгүүлэхийг санал болгосон. Бүртгүүлснээс хойш хэдэн сарын дараа Дотоод хэргийн их сургуульд очиж ур чадварын шалгалтаа 100 гаруй охинтой цуг өглөө. Олон охин байсан тул тэнцэнэ гэж зүүдлээ ч үгүй. Ээждээ тэнцсэн гэдгээ хэлтэл мөн л итгээгүй. Элсэлтийн шалгалтын оноо минь хангалттай өндөр тул Монголын аль ч их, дээд сургуульд орж чадахаар байв. Би барилга, архитектурын мэргэжлээр суралцах сонирхолтой байсан тул аав, ээж хоёр сонголт хийх эрх надад өгсөн. Мэдээж сонирхсон мэргэжил чухал хэдий ч хүн бүрт олдоод байдаггүй боломж надад таарсан тул ОХУ-д сурахаар боллоо.
Зураг авч буй мэт боловч үүний цаана олон хүний хувь заяа байдаг ажээ
Манай сургуульд гадаадын эмэгтэй оюутан ганцхан байсан нь би. Манай анги 100 гаруй хүүхэдтэйгээс 40 нь эмэгтэй. Өглөө 06.30 цагт босож гүйхээс л өдөр эхэлнэ шүү дээ. Биднийг мөрдэс зүүсэн л бол эр хүнээс дутахгүй ажиллах хэрэгтэй гэж сургасан. Сибирьт маш хүйтэн, цас өвдөг татахаар зузаан. Хичээлийн бус цагаар зундаа өвс, хөл газрын ургамал зулгаадаг бол өвөл цас цэвэрлэнэ. Би ер нь үеийнхэн дотроо бие томтой, өндөр хүүхэд байв. Нэгдүгээр курст байхдаа тураад 56 кг болж билээ. Жилдээ ганцхан удаа зуны амралтаараа гэртээ ирдэг юм. Тэгсэн аав, ээж хоёр минь намайг таньдаггүй. Зун их халдаг тул бор хүн чинь харлаад, дээрээс нь турчихсан болохоор тэр биз. Оюутан байхдаа биеийн тамирын хичээлд их дуртай байлаа. Тэр дундаа биеэ хамгаалах хичээлдээ” гэсэн юм. Хагас цэрэгжилтийн дэглэмтэй тэдний сургу
улийн багш нар ч чанга байсан гэнэ. Гадаадын оюутнууд гэж хойш суулгаж, аливаа ажлаас чөлөөлдөггүй байсан нь сурч мэдэхэд нь чухал нөлөө үзүүлжээ.
23.00 цаг. Жижүүрийн ажил хуулиараа бол 24 цаг ажиллаад, 72 цаг амрах ёстой. Хүн хүч бага учир нийслэлийн бүх дүүргийн шинжээчид 24 цаг ажиллаж, 48 цаг амардаг. 24 цагийн турш дуудлагад явах багт мөрдөгч, шинжээч, жолооч багтдаг. Дуудлага ихтэй үед нөгөө ээлжийн шинжээчээ дуудах нь ч бий. Хэрэв тухайн шинжээч ирж амжихгүй бол өөр дүүргийнхнээс тусламж авдаг юм байна. Энэ шөнө цогцсын гадна үзлэгт орох шинжээч хүрэлцээгүй тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн шинжээчийг дууджээ. Ийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн төв байр луу явхаар болов. Шүүхийн шинжилгээний албаны дотоод дүрэмд цогцсын үзлэгт гаднын хүн оруулахыг хориглодог. Тиймээс гэрэл зурагчны хамт гадна нь үлдэж хүлээхээс өөр сонголтгүй болсон юм. Тэнд хоёр цогцос авчирчээ. Нэг нь гэртээ нас бараад удсан тул өмхийрч, үнэр орсон байна хэмээн дуудлагаар очсон цагдаа хэлэв. Түүнийг хэлсэн, хэлээгүй ойлгомжтой байлаа. Цагдаагийн хажууд ойртох төдийд хувцас, үс зэргээс нь өмхий үнэртэж байв. Цогцос өмхийрөөд хэтэрхий удсан тул шинжилгээ хийсэн эмч нь гурван давхар амны хаалт зүүсэн хэмээн ярилаа. Эмч үзлэг хийж дууссаны дараа шинжээчид хурууны хээ болон бусад сорьц авдаг аж. Нас бараад удсан цогцсоос хурууны хээ авах төвөгтэй гэнэ. Арьс нь гуужиж, нялцайсны улмаас зулгарч унах эрсдэлтэй байдаг аж. Нялх хүүхдийн биед хүрдгээс ч илүү зөөлөн харьцах ёстой гэв. Шинжээчийн дүгнэлтээс олон хүний хувь заяа хамаардаг тул цаг, минут тутамд соргог, нямбай ажиллах шаардлагатай юм байна.
00.30 цаг. Хүүхэд хавчуулагдсан гэх дуудлага ирсэн талаар жижүүрийн цагдаа шинжээчийн өрөөнд ирж мэдэгдэв. Цүнх, аппаратаа бэлдэж Сангийн яамны хажууханд байх айл руу яаравчлан хөдөлсөн юм. Биднийг очиход эргүүлийн цагдаа нар оччихсон байлаа. Тус айл руу ороход хаалга нь онгорхой, цоожийг нь эвджээ. Тодруулбал, гэртээ үлдсэн найм болон 11 настай хоёр хүүхэд нь аав, ээжийгээ ирэхэд хаалгаа нээж өгөөгүй аж. Сандарч тэвдсэн эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандсан гэнэ. Эргүүлийн цагдаа нар хаалга онгойлгох хүн дуудаж цоожийг нь эвдүүлж орсон бөгөөд хүүхдүүд нь унтаж байжээ. Уг нь бол шүүхийн шинжээч очих гэмт хэргийн шинжтэй дуудлага биш аж. Сандарсан эцэг, эх нь дуудлага өгөхдөө “хүүхэд хавчуулагдсан” гэсэн тул дуудлагын багийнхан ирсэн нь энэ.
Шинжээчийн нягт нямбай ажиллагаанаас хэргийн илрүүлэлт шалтгаалдаг
01.30 цаг. Чингэлтэй дүүргийн VII хороонд судсаа ханасан иргэн байна гэх дуудлага ирлээ. Тэнд очиход хашаан дотор, гэрийнх нь үүдэнд хоёр залуу тамхи татаад зогсож байв. Түргэн тусламж болон эргүүлийн цагдаа нар ирж анхны тусламж үзүүлжээ. Иргэн Н хоёр найз, эхнэрийн хамт төрсөн өдрөө тэмдэглээд гэртээ иржээ. Эхнэр нь хоёр хүүхдээ унтуулж байх хооронд нөхөр нь гал тогооны өрөөндөө хутгаар зүүн гарын судсаа ханасан аж. Том охин нь “аавын гараас цус гараад байна” гэж ээждээ хэлж, улмаар түргэн тусламж дууджээ. Ямар шалтгааны улмаас ийм хэрэг гарсныг тодруулахад, “согтуудаа өөрөө зүсчихлээ” гэж цагдаа нарт мэдүүлсэн гэв. Гэр бүлийн болон өөр ямар нэгэн маргаан үүсээгүй хэмээжээ. Цамц, өмд, гутал, шал гээд хаа сайгүй цус болсон харагдана. Цаад талын өрөөнөөс хоёр хүүхэд нь хаа сайгүй цус болсон гал тогооны өрөө рүү өнгийж харагдана.
Шинжээчид хутга болон цуснаас сорьц аван хэргийн газрын зургийг дарж баталгаажуулав. Хутгыг бээлийтэй гараар барьж зориулалтын уутанд хийж, цуснаас самбайд (марль) шингээж авав. Цусны сорьцийг орчны температурт хатааж шинжилгээ хийх шинжээчид шилжүүлдэг аж. Түргэн тусламжийн эмч боолт хийсний дараа тухайн иргэнээс мэдүүлэг авч дуусаад бид явсан юм. Хэрэв ар гэрт нь хүн байхгүй, эсвэл согтуу байх тохиолдолд Эрүүлжүүлэх байр луу авч явдаг гэнэ. Эхнэр, аав хоёр нь байсан тул гэрт нь үлдээлээ.
03.00 цаг. Шинжээчид хэргийн газраас авсан зургаа угааж, нааж нийслэлийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгдөг аж. Дуудлаганд явсан даруйдаа зургаа бага багаар угааж цэгцлэхгүй бол нэг дор овоорох эрсдэлтэй аж. Тиймээс бид Шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү явлаа. Өдөрт дунджаар хэргийн газар дээрээс 70-100 гаруй зураг авдаг. Ачаалалтай үед 200-250 орчим зураг дардаг гэнэ.
Өвөл хулгай, дээрмийн хэрэг гаарахаас гадна хөлдөж, осгох тохиолдол нэмэгддэг. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн олон дуудлага ирж, ачаалалтай ажилладаг аж. Хүн амын олонх нь эдгээр дүүрэгт амьдрахаас гадна гэрэлтүүлэггүй зам талбай, гэр хороолол ихтэйгээс үүдэн гэмт хэргийн тоо нэмэгддэг. Эдгээр дүүрэгт амьдардаг хүн амын олонх нь ядуу амьдралтай тул танхай, дээрмийн хэрэг их гардаг юм байна. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хулгай, дээрмийн хэрэг ихэсдэг гэнэ. “Хулгайч нар ч бас хүн. Баярын өдрүүдэд ямар ч хүнд мөнгө хэрэг болдог. Тэд ч бас ардаа гэр бүлтэй. Тиймээс мөнгө олох хэрэгтэй. Ингээд л хулгай хийх нь ихэсдэг юм” гэж дэслэгч Б.Болор-Эрдэнэ ярилаа.
Энэ өвөл угаартсан гэх дуудлага ихсээд байгаа. Олон жил яндангаа хөөлөөгүй, хашаа байшинд амьдардаг айлууд дуудлага өгөх нь их. Нэг хэлтэст өдөрт дунджаар 3-7 дуудлага ирж буй гэнэ. Ачаалалтай өдрүүдэд үүнээс ч их аж.
05.00 цаг. Энэ шөнө ачаалал харьцангуй бага байлаа. Биднийг очихоос өмнө угаарын хийд хордсон хоёр дуудлагын дагуу хэргийн газарт очсон бол шөнө мөн л ийм хоёр дуудлагад явсан юм. Өдөр шөнөгүй ажилладаг, дуудсан цагт нь бэлэн байх шаардлагатай шинжээчдэд гэр бүл их чухал ажээ. Бусад дүүрэгт гарсан хэргийн газарт очиж ажиллахдаа нэмэлт цалин авдаггүй тул тэдний хөдөлмөрийн хөлс амьдралд нь бараг хүрэлцдэггүй гэсэн. Тэднийг ойлгож, ажилд нь тусалж дэмждэг гэр бүл байх нь хамгаас чухал хэмээн Б.Болор-Эрдэнэ хэллээ.
08.00 цаг. Дараагийн ээлжийн шинжээч ахлах дэслэгч Д.Нямдагва ажлаа хүлээж авлаа. Тэрбээр шинжээчээр ажиллаад дөрвөн жил болж буй. Ажлаа хүлээлгэж өгсний дараа Б.Болор-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийг зорилоо. Учир нь тэнд нэмэлт шинжээч хэрэг болсон тул үргэлжлүүлэн ажиллах болов.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул