Нийслэлийн ЗДТГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Пийшин, зуухны битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах тохиолдол гарсаар байна. Сүүлийн тав хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд угаартсан байж болзошгүй гурван дуудлага ирсэн. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэв. Өнгөрсөн өдрүүдэд хүйтэрсэн ч агаар дахь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар буурсныг албаныхан мэдээллээ. Түүнчлэн PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурчээ. Агаар дахь хүхрийн хэмжээ их гарсныг автомашины утаа их байгаатай холбон тайлбарлав. Тиймээс нийслэлийн Засаг дарга үүнтэй холбогдуулан хар утаа хаяж, агаар, орчин бохирдуулж буй тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг өгчээ.
Бэлтгэсэн: О.Бат