-Банкны эрх хүлээн авагч 600 сая төгрөгийн цалин аваад зүгээр сууж байна гэв үү-
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас 348 тоот тогтоол гарган “Зоос” банкны суурин дээр өнөөгий Төрийн банкийг байгуулсан билээ. Улмаар мөн оны арваннэгдүгээр сарын 24-нд Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч 650 дугаартай тушаал гаргаж, арилжааны “Зоос” хэмээх банканд эрх хүлээн авагч томилон татан буулгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Гэвч энэ ажиллагаа хууль ёсных байсан уу, хувьцаа эзэмшигчдийнх нь хохирлыг хэрхэн барагдуулсан нь тодорхойгүй өнөөг хүрэв. Түүнчлэн “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдуулан УИХ-аас 2009 оны арванхоёрдугаар сарын 25-нд тогтоол гаргаж, Засгийн газарт 100 тэрбум төгрөгийн үнэт цаас (бонд) гаргаж, дэмжсэн ч эргэн төлөлт нь ямар байгааг өдгөө хүмүүс мартсан бололтой. Тэгвэл “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигч болох 628 иргэн, байгууллагын хохирлын өнөөг хүртэл барагдуулаагүй, тэднийг хохироосоор байгаа аж.
Уг нь анх Засгийн газраас бонд гаргаж, “Зоос”-ыг “Төрийн банк” ХК болгохдоо харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилготой хэмээн дээрх 100 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулсан. Харилцагч, хадгаламж эзэмшигчдээ ч, жижиг хувьцаа эзэмшигч 628 хүнийг ч гаргуунд нь хаячихсан гэхэд хилсдэхгүй. Яагаад 628 хувьцаа эзэмшигч гэж тодотгосон бэ гэхээр, “Зоос банк” ХК нь 14 666 703 ширхэг хувьцаа гаргасны дийлэнхийг нь долоохон хүн хуваан авсан бөгөөд бусад нь жижиг хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхой болсон. Тэр 628 хүний хохирлыг бүтэн 10 жил өнгөрөхөд барагдуулаагүй өдий хүрэв. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас “Зоос”-д томилсон эрх хүлээн авагч гэх албан тушаалтан ямар ч ажил хийхгүй хэрнээ өндөр цалин авсаар суугаа аж. Уг нь тэр үед мөрдөж байсан Банкны тухай хуулийн дагуу “Банканд онцгой дэглэм тогтоох болон эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч буюу эрх хүлээн авагчийн санаачилгаар гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах ёстой” талаар заасан байна. Гэвч “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулалгүй, хуулийг үл ойшоожээ.
Банкны дампуурлыг шүүх зарлахаар заасан ч аль нэг шүүхээс “Зоос”-ыг дампуурсныг албан ёсоор зарласан тогтоол, шийдвэр өнөөг хүртэл гаргаагүй байгаа юм. Түүгээр зогсохгүй “Зоос банк” ХК улсын бүртгэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хэвээр буйг хэрхэн ойлгох вэ.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Г.Уянга 2015 онд энэ асуудлыг хөндөж, “Бүтцийг өөрчлөн байгуулна гэсэн тогтоол гарсан байна. Энэ банк тэгэхээр дампуураагүй гэсэн үг. Тэгвэл хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах ёстой биш үү. Манай гишүүд дотор жижиг хувьцаа эзэмшигч байдаг юм билээ. Тэр эрх хүлээн авагч чинь өндөр цалинтай хэрнээ ямар удаан ажиллаж байна вэ” гэсэн асуулга тавьж байсан юм даг. Түүнд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд “Ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. “Зоос” банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Эрх хүлээн авах ажиллагаа зургаан жил үргэлжилж байгаа” гэсэн тайлбар өгсөн нь хэвлэлийн шарласан хуудсанд бий.
Түүнээс хойш дахиад дөрвөн жил өнгөрөөд байна. Бүтэн 10 жил өнгөрөхөд Монголбанкнаас “Зоос”-д томилогдсон эрх хүлээн авагч өнөөдрийг хүртэл татвар төлөгчдийн мөнгөнөөс өндөр цалин авч суугаа ч улсын болон иргэдийн хохирлыг барагдуулах дорвитой ажил хийхгүй байгаад жижиг хувьцаа эзэмшигчид бухимдаж буй юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫГ НӨХӨН ТӨЛӨХ ХУГАЦАА ДУУСААД ГУРВАН ОН УЛИРЧЭЭ
Хувьцаа эзэмшигчид өнгөрсөн хугацаанд хохирлоо олж авахын тулд Монголбанк, “Зоос банк”-ны эрх хүлээн авагч, Засгийн газар, УИХ гээд хандаагүй байгууллага үлдсэнгүй.
Эрх хүлээн авагч нь “Засгийн газрын авлагыг барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл бүрэлдээгүй” хэмээн хариулсаар өдий хүрч буй аж. Уг нь “Засгийн газрын авлага” гээд буй нь “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөх өр биш л байлтай. Яагаад гэвэл энэ мөнгө нь “Зоос банк” ХК-ийн хадгаламж эзэмшигч, харилцагч, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох зорилгоор Засгийн газраас гаргасан 100 тэрбум төгрөгийн бонд. Энэ бондыг хэрхэн зарцуулсан талаар тайлбарлах хүн өдгөө байхгүй. “Зоос”-ыг “Төрийн банк” болгож, төрийн бүх үйлчилгээг энэ банкаар дамжуулж байгаа ч эрх хүлээн авагчийнх нь хийх ёстой ажилд ахиц гаралгүй арван оныг үдлээ.
Эрх хүлээн авагч гэх албан тушаалтан татвар төлөгчдийн мөнгөнөөс төрийн жирийн албан хаагчаас хэд дахин өндөр цалин аван ажиллаж байгаа. Монголбанк, төрөөс ийм өндөр цалин олгож ажиллуулахдаа эрх хүлээн авагч хэмээх албан тушаалтныг харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч иргэд болон төрийг хохиролгүй болгуулах зорилго агуулсан нь гарцаагүй. Харин өнгөрсөн хугацаанд авч буй цалинтайгаа дүйцэхүйц байдлаар ажлаа хийхгүй байгаад хохирогчид гомдолтой байгаа юм.
Уг нь Засгийн газрын бондыг нөхөн төлүүлэх хугацаа аль хэдийн болчихсон аж. Гэтэл эрх хүлээн авагч ажлаа үр дүнтэй хийхгүй байгаагаас өнөөг хүртэл татвар төлөгчдийн мөнгийг улсад төлсөн, эсэх нь тодорхойгүй. Тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Зоос банк”-ны бүтцийн өөрчлөлтөд зориулж гаргасан бондыг борлуулж, “Төрийн банк”-анд олгосон эх үүсвэрийн барьцааг баталгаажуулах” хэмээн тогтоол гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан 2008 оноос хойш арилжсан Засгийн газрын бондын өрийн үлдэгдлийг Сангийн яамнаас ЗГХЭГ-т танилцуулсан юм. Түүнд “Зоос банк”-ны бүтцийн өөрчлөлтийн 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2010 оны нэгдүгээр сарын 12-ноос арилжиж эхэлсэн бөгөөд 1-6 жилийн хугацаатай гаргасан бондын 20 тэрбумыг нь 2011 оны нэгдүгээр сарын 12-нд эргэн төлсөн. Үлдэгдэл 80 тэрбум төгрөгийг төлөөгүй тухай тодотгосон байна. 2010 онд зургаан жилийн хугацаатай гаргасан бонд 2016 оны нэгдүгээр сарын 12-нд дууссан гэсэн үг. Түүнээс хойш даруй гурван он улирчихаад байхад үлдсэн 80 тэрбум төгрөгийг төлсөн, эсэх нь тодорхойгүй байна.
ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НЭГ ТЭРБУМ 61 САЯ ТӨГРӨГ ХУВААРИЛАХАА МЭДЭГДСЭН Ч БИЕЛСЭНГҮЙ
“Зоос банк”-ны эрх хүлээн авагч болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Жавхлан нар 2015 онд жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах талаар ямар арга хэмжээ авсан талаараа УИХ-д танилцуулсан байдаг. Түүндээ “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авагч томилогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэж 14.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө, 14.7 тэрбум төгрөгийн нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг, бусад сангаар алдагдлыг хүлээлгэж санхүүгийн тайланд тусгасан. Эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах дарааллыг тогтоон, тэргүүн ээлжид иргэн, хуулийн этгээдийн харилцах хадгаламжийг алдагдлаас хамгаалах зорилгоор гаргасан Засгийн газрын бондын төлбөрийг барагдуулах ёстой. Үүнийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг банкны хувьцаа эзэмшигчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан байдаг.
Иймд дээрх хуулийн заалтын дагуу “Зоос банк” ХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг барагдуулах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгох нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 13-нд “Зоос банк”-ны жижиг хувьцаа эзэмшигч 628 хүний оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор нэг тэрбум төгрөг хуваарилах санал СЗХ-ноос хэлэлцүүлсэн боловч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтсон. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 29-ний хурлаар “Зоос” банкан дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуульд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн “Зоос банк” ХК-ийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргасан” хэмээн ярьжээ.
...Үүнээс үзэхэд Монголбанк, Сангийн яамныхан дампуурсан “Зоос банк”-ны хувьцаа эзэмшигч 628 хүний хохирлыг үл ойшоосны зэрэгцээ Засгийн газрын бондын төлбөрийг ч эргэн төлүүлэх ажлыг хангалтгүй хийгээгүй гэхэд хилсдэхгүй нь...
Түүнээс хойш дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрч, хувьцаа эзэмшигчид хохирлоо барагдуулж чадалгүй өдий хүрээд байна. Энэ талаараа “Зоос банк”-ны хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжав УИХ-ын даргаар ажиллаж байсан, тус банкны хувьцаа эзэмшигчдийн нэг М.Энхболд, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга С.Даваасүрэн зэрэг эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хандсан ч ямар ч үр дүнд хүрээгүй аж. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу өгөхдөө “Банкны тухай хуулийн дагуу эрх хүлээн авагч нь банкны активыг төлүүлэх, өр төлбөр барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй. Төвбанкны тухай хуульд Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанканд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг тул холбогдох тайлбарыг Монголбанкнаас авна уу” гэсэн хариу өгсөн байна.
Харин Монголбанкнаас “Монголбанкны эрх хүлээн авагч төлбөрийн нэхэмжлэлийг дарааллын дагуу барагдуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар “Зоос банк”-наас авлагатай этгээдийн дарааллын эхэнд Засгийн газар буюу Сангийн яам байна. Засгийн газрын бондын өр төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар Сангийн яаманд санал тавьсан ч актив шилжүүлэн авч авлагыг шийдвэрлэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй. Банкны тухай хуулийн 35.8 дахь хэсэгт “Банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр банкны алдагдал болон бусад хариуцлагыг хүлээнэ”, Компанийн тухай хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан байдгийг анхаарна уу” хэмээн өөрсдөөсөө бултуулжээ. Монголбанкны Хууль зүйн газрын захирал Д.Аюушийн хариунд дурдсанаар өнөөг хүртэл “Зоос банк”-ны бүтцийг өөрчлөхөд зориулж татвар төлөгчдийн халааснаас гаргасан 100 тэрбум төгрөгийг гүйцэд төлөөгүй, тус банкны дампуурлын 10 жилийн ойтой золгох гэж байгаа нь тодорхой.
Хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжав өргөдөлдөө “Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш 10 жил өнгөрсөн байна. Эрх хүлээн авагч нь Засгийн газраас гаргасан бондын төлбөрийг бүрэн төлсний дараа жижиг хувьцаа эзэмшигч 628 хүний оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон нэг тэрбум 61 сая 725 мянган төгрөг хуваарилна хэмээн мэдэгдсээр ирсэн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэхэд Сангийн яам, Монголбанк удаа дараа татгалзаж байсан гэдэг. “Зоос банк”-ны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн, үгүй, тус банкны эд хөрөнгийг зах зээлийн журмаар худалдан борлуулж буй, эсэх, иргэн, хуулийн этгээдээс авах авлагыг зохих ёсоор барагдуулж байгаа, үгүй нь эргэлзээтэй. Учир нь өнөөдрийг хүртэл Засгийн газрын бондын төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Мөн хувьцаа эзэмшигч нарт “Зоос банк” ХК-ийн ямар эд хөрөнгийг ямар хэлбэрээр, хэдэн төгрөгөөр худалдсан талаар огт мэдээлэл өгч байгаагүй. Өнөөдрийг хүртэл банкны эрх хүлээн авагчийн цалин, хөлсний зардалд 600 сая төгрөг зарцуулаад байна. Зөвхөн цалин хөлсний зардал нь энэ бөгөөд эрх хүлээн авагчийн зөвлөлийн бусад ажилтны цалин, үйл ажиллагааны зардал зэргийг нэмбэл бүр өндөр дүн гарна. Үүнийг “Зоос банк”-наас гаргуулж байгаа” хэмээн бичжээ.
СЗХ-ны захирал Б.Даваасүрэн дээрх хувьцаа эзэмшигчид өгсөн хариундаа “Тус хороо нь өөрийн чиг үүргийн дагуу “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасан эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэх арга замыг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд хувьцаа эзэмшигч 628 хүний оруулсан хөрөнгийг дараалал харгалзахгүйгээр хуваарилах санал гаргаж, ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцүүлсэн боловч Монголбанк, Сангийн яам дэмжээгүй” хэмээсэн байна.
Үүнээс үзэхэд Монголбанк, Сангийн яамныхан дампуурсан “Зоос банк”-ны хувьцаа эзэмшигч 628 хүний хохирлыг үл ойшоосны зэрэгцээ Засгийн газрын бондын төлбөрийг ч эргэн төлүүлэх ажлыг хангалтгүй хийгээгүй гэхэд хилсдэхгүй нь.
Түүнчлэн Үндсэн хуулийн 16.3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалт зөрчигдөж дээрх 628 хүн хохирчихоод байхад төр, засгийн зүгээс дорвитой шийдвэр гаргахгүй байсаар 10 жил өнгөрлөө.