Өнгөрсөн өвлийн тооллогын албан дүнгээр монголчууд 66.2 сая толгой малтай гэжээ. Харин албан бус дүнгээр энэ өвөл 80 гаруй сая мал өвөлжиж буйг ХХААХҮЯ мэдээлсэн юм. 80 гаруй сая мал өвөлжихөөс 15 орчим саяыг нь хүн амын хэрэгцээнд буюу хүнсэнд зарцуулах тооцоо бийг аймгуудын Хөдөө аж ахуйн газраас ирүүлжээ. Нийт малын тоо болон, хүнсний хэрэгцээнд зориулан төхөөрч буй хэмжээ нь чамгүй их атал махны үнэ жил ирэх бүр, ялангуяа хаврын улиралд илүүтэйгээр нэмэгддэг. Мөн махны үнийн хөөрөгдөл инфляцид нөлөөлөгч нэг хүчин зүйл нь болдог. Тодруулбал, энэ оны аравдугаар сард улсын хэмжээнд инфляц өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.6 хувиар өсөхөд, нэг жилийн хугацаанд махны үнэ 32 орчим хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэжээ. Тиймээс ч инфляцыг тогтвортой барих, махны хомсдол болон үнийн хэт хөөрөгдөлөөс сэргийлэх зорилгоор мах нөөцөлж бэлтгэн, зах зээлд нийлүүлэх ажлыг жил бүрийн өвөл ХХААХҮЯ-наас хэрэгжүүлдэг. Тэгвэл нөөцийн мах бэлтгэлийн ажлын явц ямар байгааг тодрууллаа.
...Мөн нэг кг махыг 5000-5500 төгрөгөөр бэлтгүүлэх, үхрийн махыг нэг кг-ыг нь 7700, хониныхыг 6700 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцож байна...
Улаанбаатарчуудын хаврын хүнсний хэрэгцээнд дунджаар 14 000-16 000 тонн нөөцөлсөн мах нийлүүлбэл эрэлтийг ханган, үнийг нь төдийлөн өсгөхгүй байх боломжтой аж. 2017-2018 оны өвөл нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 11 компани, 13 000, өнгөрсөн өвөл дөрвөн аж ахуйн нэгж 9000 орчим тонн мах бэлтгэжээ. Гэхдээ зарим компани дотоодын зах зээлд гаргахаар нөөцөлсөн махаа экспортлон, ашиг “хөөдөг” тухай эх сурвалжууд мэдээлдэг. Юутай ч өнгөрсөн хавар нөөцийн махны эрэлт их байж, борлуулах цэгт нь урт дараалал үүссэн. Харин энэ жил 15 000-20 000 тонн мах бэлтгэхээр төлөвлөснийг ХХААХҮЯ-ныхан хэлж байна.
Түүнчлэн нөөцийн мах бэлтгэх хүсэлтээ мал төхөөрөх тоноглол, жижиглэх, ангилан ялгах, зориулалтын байртай буюу анхан шатны шаардлага хангасан 14 аж ахуйн нэгж ирүүлсэн байна. Тэдгээрийн материалыг яам хүлээн авч, арилжааны банкуудад хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт шалгарсан компаниудыг зарлах гэнэ. Хамгийн гол нь арилжааны банкны шалгуурыг ханган, зээлээ эргүүлэн төлөх чадвартай компанийг мах бэлтгэлд оролцуулах тул зарим аж ахуйн нэгж хасагдахыг үгүйсгэсэнгүй. Ингэснээр нөөцлөхөөр төлөвлөсөн махны хэмжээ буурах магадлалтайг тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хөгжлийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох хэлэв.
Тэрбээр “Жил бүрийн өвөл нөөцийн мах бэлтгүүлэхэд төсвөөс хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зарчмаар аж ахуйн нэгжүүдийг дэмжин, анхан шатны шалгаруулалт явуулан, банкнаас зээл авахад зуучилдаг. Энэ удаа ч дээрх зарчмыг баримталж байна. Мах бэлтгэх хүсэлт ирүүлсэн компаниудын суурилагдсан хүчин чадал 70 000 орчим тонн юм билээ. Тиймээс бэлтгэсэн махыг хадгалахад асуудал үүсэхгүй. Харин банкны шалгуурыг ханган, хэдэн компани хэчнээн төгрөгийн зээл авах нь одоохондоо тодорхойгүй ч 16 000 тонноос багагүй хэмжээний мах бэлтгүүлэх боломж бий. Мөн нэг кг махыг 5000-5500 төгрөгөөр бэлтгүүлэх, үхрийн махыг нэг кг-ыг нь 7700, хониныхыг 6700 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцож байна. Эл асуудал буюу хэдэн компани, ямар хэмжээтэй мах бэлтгэх, махны нэг кг-ын үнийн дээд хязгаар ямар байх талаар арванхоёрдугаар сар гарахад тодорхой болно” гэв.
Өмнө жилүүдэд санхүүжилт нь хүлээгдэн хоёр, гуравдугаар сард мах бэлтгэсэн компаниуд байдаг. Харин энэ жил нөөцийн мах бэлтгүүлэх мэдээллийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран одоогоос нэг сар гаруйн өмнө олон нийтэд хүргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэсэн гэв. Мөн банкны шалгуур хангасан компаниудад мөнгийг нь саадгүй олгох тул мах бэлтгэлийн ажил ирэх нэгдүгээр сард дуусах боломжтой аж.
Ер нь сүүлийн жилүүдэд орон нутаг болон нийслэлд мах боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх болсон гэнэ. Одоогоор мал төхөөрөх буюу анхан шатны ангилалт, савлагаа хийдэг аж ахуйн нэгж нийслэлд 65, дулааны боловсруулалт буюу мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн тоо 100 давжээ. Ийнхүү махны чиглэлийн шат шатны үйлдвэрүүдийн тоо өссөн нь нэг талаар сайшаалтай ч нөгөөтээгүүр зах зээлд шударга бусаар өрсөлдөх, бэлтгэсэн бүтээгдэхүүнээ экспортлохыг эрмэлзэн, нийслэлийн ойр орчмоос мах бэлтгэн, нийлүүлэлтийг нь хязгаарлах болжээ. Энэ талаар болон махны экспортод тавьж буй бодлогын тухайд Т.Гантогтох дарга “Сүүлийн жилүүдэд манай улс бэлчээрийн даац, эдийн засгийн эргэлтээ тооцон жилд хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 20 орчим сая мал төхөөрч, дотоодын хэрэгцээгээ хангах болон экспортлохоор төлөвлөдөг болсон. Энэ нь түүхий махаар тооцвол 500 000 тонныг бэлтгэх дүн юм. Үүнийхээ талыг нь дотоодын хэрэгцээнд, үлдсэнийг нь экспортолж чадвал хаана хаанаа өгөөжтэй” гэв.
Одоогоор БНХАУ руу зөвхөн адууны мах экспортолж байгаа аж. Хонь, ямаа, үхрийн махны импортдоо урд хөршийнхөн хориг тавьсан тул түр зогсоожээ. Ер нь манайд экспортын зөвшөөрөлтэй 13 компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээнийхээ 10 хувьтай тэнцэх махыг дотоодын зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээдэг ч төдийлөн биелүүлэхгүй байгааг холбогдох албадынхан нь хэлсэн. Мах экспортлох зөвшөөрөлтэй бөгөөд
нөөцийн мах бэлтгэх хүсэлтээ ирүүлсэн “Монгол эко мах” компанийн захирал Л.Цагаанбаатар “Манайх мах нөөцлөх хүсэлтээ яаманд хүргүүлж, банканд материалаа өгчихөөд хүлээж байна. Бид нөөцийн мах бэлтгэх шалгуурыг хангасан, хангаагүй экспортлогч гэдэг утгаараа 100 тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэхээр болсон. Бэлтгэлээ ч бараг базаачихсан. Энэ зун зуншлага сайтай байж, урт намар болсон тул мал тарган байна. Бид нөөцийн махны шалгуур болох хонины нэг гулууз 25, ямааных 18 кг-аас багагүй жинтэйг бэлтгэсэн бол, импортлогч улсын хүнсний эрүүл ахуйн чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хүчин чадлаа сүүлийн гурван жилд 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. Ер нь төрөөс бодлого зохицуулалтыг нь зөв хийвэл, махны экспорт малчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй байж, эдийн засгийг тэлэх том боломж юм” гэв.
Манай улс 2017 онд 29 тонн орчим мах экспортолсон бол өнгөрсөн онд эл тоо 70 тонноос давж огцом өссөн. Энэ оны эхний 10 сард БНХАУ, Иран, Вьетнам, ОХУ зэрэг улс руу 49.9 тонныг экспортолсон бол одоогоор дулааны аргаар боловсруулсан 3000 тонн мах нэмж гаргахаар хүлээгдэж буй аж.Үүнийг зарим хүн малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг өсгөн, бэлчээрийн даацыг хадгалах зүйтэй алхам хэмээдэг. Харин цөөнгүй иргэн ялангуяа урд хөршийн хөрөнгө оруулалттай мах боловсруулах үйлдвэр олноор байгуулан, стратегийн хүнс гэгддэг махыг их хэмжээгээр БНХАУ руу экспортлох нь буруу гэдэг. Экспортын хэмжээ өсөхийн хэрээр дотоодын зах зээл дэх махны эрэлт, үнэ өсөж буй ч хэмээдэг. Энэ талаар С.Гантогтох “Малчид болон мах бэлтгэгчдийн бэлтгэсэн, хүссэн хэмжээгээр мах экспортолдоггүй. Засгийн газар болон холбогдох албадын зөвшилцлөөр, гадаад зах зээлд борлуулах махны хэмжээг баталдаг. Ирэх онд энэ жилийн экспортын дүнгээс бууруулахгүй хэмжээний мах гаргах төлөвлөгөөтэй ” гэсэн юм.
Үүнээс гадна Хөдөө аж ахуйн бирж мах бэлтгэлийн ажилд ямар байдлаар оролцож буйг тодрууллаа. Тус биржийнхэн хамтран ажилладаг 70 орчим хоршоогоороо дамжуулан, 3000 тонн мах нөөцлөхөөр төлөвлөж буй аж. Тодруулбал, холбогдох албадаас нь өгсөн зөвлөмжийн дагуу махны аюулгүйн нөөцийг бэлтгэх буюу ирэх хавар хомсдол үүсэх, үнэ нь хэт хөөрөгдөхөөс сэргийлэн дээрх хэмжээний мах бэлтгэн, нөөцлөхөөр ажиллаж буй гэлээ. Хоршоологчдодоо төсвөөс зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зарчмаар ажиллахыг Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар танилцуулав. Эдгээрээс харахад, ирэх хавар нийслэлчүүдийн хүнсний гол хэрэглээ болох махны үнэ өсөхгүй, нийлүүлэлт нь буурахгүй байх магадлалтай байна.