- Тур операторуудын 43 хувь нь жилд 100 хүрэхгүй жуулчин хүлээн авдаг –
Монголбанк, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт судалгааг түүврийн аргаар хийж, саяхан үр дүнг нь боловсруулав. Ингэхдээ эрэлт тал буюу жуулчдаас санал асууж, сэтгэл ханамжийн түвшнийг нь үнэлэн, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлохыг оролджээ. Мөн нийлүүлэгч тал буюу аялал жуулчлалын компаниудыг судалгаанд хамруулав. Энэ нь аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг тур оператор компаниудын өнөөгийн байдал, тэдгээрийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилго агуулсан аж. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт төрөөс баримталж буй бодлого, дэмжлэг хэр хүртээмжтэй байгааг тодорхойлохыг зорьсон байна. Манай сонин өмнөх дугаартаа уг судалгааны жуулчдын сэтгэл ханамжийг үнэлэн, тулгарч буй асуудлыг тодорхойлсон хэсгийн үр дүнг хөндсөн. Тэгвэл энэ удаа нийлүүлэгч тал буюу аялал жуулчлалын компаниудын нөхцөл ямар байгааг судалгааны үр дүнд тулгуурлан хүргэе.
Манай улсад аялал жуучлалын салбар 60 гаруй жилийн өмнөөс хөгжсөн түүхтэй. Төрийн өмчит “Жуулчин” компанийг байгуулснаар аялал жуучлалын салбарын хөгжил эхэлсэн гэж үздэг. Өдгөө уг салбарт 1200 гаруй тур оператор компани ажиллаж буй. Эдгээрээс 120 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь судалгааны үр дүнд тодорхой болжээ. Үүнээс гадна 370 зочид буудал, 300 гаруй жуулчны бааз ажилладаг байна. Аялал жуулчлалын салбар 50 мянган хүнийг ажлын байраар хангадаг гэсэн статистик бий.
Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогоо батлахдаа аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тулгуур, орлогын томоохон эх сурвалж байна гэж тусгасан. Эл бодлогынхоо хүрээнд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2015 онд баталсан билээ. Улмаар уг хөтөлбөрийг 2016-2025 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд салбарын дэд бүтцийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, хүний нөөцийг дэмжих, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах зорилт тавьсан юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван жил өнгөрчээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тавьсан зорилтоо бодит ажил болгох шаардлагатайг судалгааны үр дүнгээс харж болохоор байна.
Судалгаанд нийт 41 тур оператор оролцсоноос 34 байгууллагын санал асуулгыг хүчинтэй хэмээн үзэж, үр дүнг нь боловсруулжээ. Тур операторуудын 38 хувь нь үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл, түүх, танин мэдэхүйн аялал зохион байгуулдаг аж. Тэгвэл 62 хувь нь тусгай сонирхлын, морин, адал явдалт явган, хямд төсөр болон масс аялал зохион байгуулдаг, дотоодын иргэдийг гадаадад улсад аялуулдаг гэнэ. Улирлын онцлогоос хамааран тур операторуудын 38 хувь нь зуны гурван сар, үлдсэн нь зургаан сарын хугацаанд жуулчин хүлээн авдаг байна. Жуулчны улирал дууссан үед тур операторуудын 51 хувь нь улирлын бус буюу өвлийн аялал зохион байгуулдаг аж. Тэгвэл 28 хувь нь гадаад хэлний сургалт явуулж, ирэх жилийн бэлтгэлээ хангадаг бол 21 хувь нь сул зогсдог гэжээ.
Тэднээс тогтвортой үйл ажиллагаа явуулахад ямар саад бэрхшээл тулгардаг талаар лавлахад үйлчилгээний байгууллагуудын стандарт муу, зам, тээврийн дэд бүтэц хөгжөөгүй, хүний нөөцийн хүрэлцээ, чадавх сул, олон улсын нислэг хүрэлцээгүй, тийзийн үнэ өндөр гэж хариулжээ. Мөн хууль, эрх зүйн орчин, бодлого тогтворгүй, тодорхойгүй, хүнд суртал ихтэй, арга хэмжээний хуваариа баталдаггүй, хийх, эсэх нь найдваргүй, улирлаас шалтгаалсан сул зогсолт нөлөөлдөг гэж хариулсан байна. Үүнээс гадна эх орноо сурталчлах зорилгоор олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байдаг ч зардал, төсвийн хүндрэлээс шалтгаалаад чаддаггүй гэнэ. Зардлаа шийдсэн ч оролцох эрх авах боломж хомс байдаг нь мөн тээг болдог аж.
Тур оператор компаниудаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд юунд анхаараасай гэж бодож байна вэ гэж асуухад дээр дурдсан тулгамдсан асуудлыг бүгдийг шийдэх ёстой гэж хариулжээ. Заримийг нь тодруулбал, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулах, ингэхдээ зөвшөөрөл олгох журмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна. Дээрх асуудлуудаас гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний газруудын стандартыг сайжруулах, зэрэглэл тогтоох, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, татвар төлөгч тур операторуудыг хувиараа жуулчин авдаг иргэд болон энэ чиглэлээр ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, олон нийтийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ингээд зогсохгүй жуулчин хүлээн авдаг үйлчилгээний салбарт хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа аж. Санхүүжилт авах хүсэлтэй тур операторуудын 84 хувь нь урт хугацаатай зээл авах хүсэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, таваас дээш жилийн хугацаатай санхүүжилт авбал тэдэнд үйл ажиллагаагаа сайжруулахад нь нэмэр болох гэнэ. Тэдний 50 орчим хувь нь бизнесээ тогтворжуулах, өргөжүүлэхэд 100 саяас дээш төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж хариулжээ.
Судалгаанд хамрагдсан нийт тур операторуудын 37 хувь нь үйл ажиллагаагаа тогтворжуулахын зэрэгцээ тэлэх боломжийг эрэлхийлж буй гэнэ. Тэгвэл 33 хувь нь хурдацтай өргөжин тэлэхийн тулд ажиллаж байна гэж хариулав. Нийт тур операторуудын 43 хувь нь жилд 100 хүртэлх тооны жуулчин авдаг байна. Түүнчлэн 23 хувь нь 101-300, 20 хувь нь 301-500 жуулчин хүлээн авдаг гэжээ. Тэгвэл 500-аас дээш жуулчин авдаг тур операторууд 14 хувийг нь эзэлдэг гэнэ. Тур операторуудын аяллын багцын дундаж үнэ 1107 ам.доллар байдаг аж. Үүнд онгоцны тийз болон худалдаж авах зүйлсийн үнэ багтаагүйг дурдах нь зүйтэй. Тур операторуудын үйл ажиллагаа явуулахад хамгийн их хүндрэл учруулдаг зардал нь түрээс, ажиллах хүчний цалин хөлс юм байна. Түүгээр зогсохгүй баяр наадмын болон нийлүүлэгчдээс ирэх гэнэтийн үнийн өсөлт, тээвэр, сул зогсолтын зардал тэдний санхүүд дарамт болдог гэнэ.
Судалгааны багийнхан Монгол Улсын аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд эрх зүйн орчныг сайжруулах, салбарын нэгдсэн бодлогоор хангаж, тогтвортой хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулж, мэргэжлийн зэрэг олгох хэрэгтэй гэж дүгнэжээ. Мөн олон улсын нислэг, тээврийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний газруудын стандарт, зам, тээврийн дэд бүтцийг сайжруулах, эх орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах нь зүйтэй гэж үзэв. Монголыг жуулчид тоохгүй байна гэж хоосон ярихын оронд тэдэнд тав тухтай аялах нөхцөлийг нь бүрдүүлэх учиртай юмсанж. Зочноо урихаасаа өмнө сайхан ширээ засах хэрэгтэй бус уу.