Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Нэг өрх, нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос эхлэн жил бүр хөдөлмөрийн нэгдсэн яармаг зохион байгуулдаг болсон. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ), Хүний нөөцийн менежерүүдийн клубтэй хамтран уг өдөрлөгийг гурав дахь удаагаа зохион байгуулав.
“Та ямар ажил сонирхож байна вэ” хэмээн инээмсэглэн угтах мэргэжилтнүүд зорин ирсэн хүн бүрийн сонирхсон ажлын байрны нөхцөл, онцлогийг тайлбарлан, зөвлөгөө өгч, анкет бөглүүлж харагдлаа. Үйлчилгээний зарим байгууллага хандлагын судалгаа авдаг болжээ. Хөдөлмөрийн зах зээлд хандлагыг мэргэжил, ур чадвартай дүйцүүлдэг болсон аж.
Энэ удаа 40 орчим компани, аж ахуйн нэгж, байгууллага нийт 150 орчим ажлын байранд 1000 орчим ажилтан, мэргэжилтэн авах захиалга өгснийг зохион байгуулагч Хүний нөөцийн менежерүүдийн клубийн ерөнхийлөгч Ш.Баярмагнай онцлов.
“Хэдийгээр би хүний нөөцийн менежер мэргэжилтэй ч сургуулиа төгсөөд удаагүй болохоор ажил гололгүй, багаас нь л эхэлье гэж бодсон. Өнгөрсөн хавраас хойш ажил хайсан ч олоогүй л байна. Заримдаа тухайн байгууллагын уур амьсгал, ажилтнуудынх нь харилцаа, хандлагад үндэслэн шийдвэр гаргадаг” гэж иргэн Г.Дарьдулам өгүүлэв.
АПУ группийнхэн үйлдвэрлэл, маркетинг, борлуулалт, агуулахын чиглэлийн байнгын 12, түр хоёр ажлын байр зарлажээ. “Сүүлийн жилүүдэд иргэд ажил олгогч байгууллагад шууд хандах нь харьцангуй багассан. Тиймээс бид өнөөдрийн арга хэмжээ шиг нээлттэй өдөрлөгт оролцож, хүний нөөцөө бэхжүүлэх болсон. Харамсалтай нь, манайхыг зорьж ирсэн хүмүүсийн чадвар хангалтгүй байна. Ялангуяа гүйцэтгэх түвшний боловсон хүчин дутагдалтай” гэж тус группийн “Тайгер” хэсгийг хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн ярилаа.
Үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн брэнд болгож байгаа “Говь” компани өнгөрсөн есдүгээр сараас АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан 80 төрлийн ажлын байранд 200 орчим боловсон хүчин шаардлагатай болсныг хүний нөөцийн ахлах ажилтан хэллээ. Тэрбээр “Манай компанийн ажиллах нөхцөл, цалин хангамж, боломжийн. Гэсэн ч ажиллахаар ирсэн хүмүүс дадлагынхаа хугацааг дуусгаад орхин явах нь элбэг” хэмээв.
Энэ удаагийн өдөрлөгт хүний нөөцийн зөвлөгөө өгөх мэргэжилтнүүд оролцож, иргэдэд тохирсон ажлаа хурдан олох, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага хангасан мэргэжилтнээ ажилд авахад туслах үйлчилгээ үзүүлсэн нь онцлог байлаа. Сүүлийн үед ажил олгогч нар тохирох боловсон хүчнээ олж авахын тулд цалинтай дадлагажуулах, эхний гурван сарын турш дагалдуулж сургах болсныг иргэд сайшаасан.
Нийслэлийн хөдөлмөрийн биржээс их, дээд 22 сургуульд Хөдөлмөр эрхлэх төв ажиллуулдаг бөгөөд одоогоор 6000 орчим оюутан цагийн ажил хийхээр бүртгүүлжээ. Нэг жилийн хугацаанд тэднээс 1500 орчим нь ажилд орсон гэнэ. Тэдний төлөөлөл, ХААИС-ийн төгсөх курсийн оюутан Ц.Дэлгэрмаа “Оюутнууд мэдээлэл дутмаг, ялангуяа хөдөлмөрийн харилцааны талаар ойлголт багатай. Тиймээс их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ажил эрхлэхэд өөрсдийгөө хэрхэн бэлдэх талаар хичээл оруулах хэрэгтэй” гэж саналаа илэрхийлэв.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг өдөрлөгийн үр өгөөжийг жил бүр дүгнэн судалгаа хийдэг аж. 2017 онд 258, 2018 онд 350 орчим хүн ажилтай болжээ.
Бэлтгэсэн: Б.Мөнгөнзаяа