Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо буюу Дэнжийн мянга орчмын А хэсэгчилсэн талбайг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах шийдвэрийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/21 тогтоолоор гаргасан. Тус байршил нь 39.7 га талбайг эзэлдэг, 581 нэгж талбартай аж. “Бармон” компани 2014 онд төслийн гүйцэтгэгчээр шалгарч, газрыг нь байраар солих гэрээ иргэдтэй байгуулжээ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 3358 айлын орон сууцын барилга 43, 960 хүүхэд суралцах сургууль, 720 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ёстой. Одоогоор 234 айлын орон сууцын хоёр барилга барьж дуусжээ. Гэвч гэрээ байгуулсан иргэдээс байрны талбайн хэмжээ дутуу, Улсын комисс хүлээж аваагүй байхад айлуудыг оруулсан, халуун ус байхгүй шалтгаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий болон нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газарт гомдол гаргажээ.
Гэвч Орон сууцын барилгын доторх сууцын талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу “Брайт пойнт” компаниар хэмжүүлэхэд талбай нь 54.54 ам метр байгааг тогтоожээ.
“Шинэчлэл” хорооллыг өчигдөр зорилоо. Хоёр блок орон сууц нь нийт долоон орцтой аж. Барилгуудын дундах автомашины зогсоол чөлөөт талбайд зогсох иргэнтэй уулзахад “Би долдугаар орцны оршин суугч. Байраа бэлэн мөнгөөр худалдаж авсан. Дахин төлөвлөлтийн дагуу газраа байраар солих гэрээ байгуулсан иргэд л гомдол гаргасан юм билээ” гэв. Харин зургадугаар орцны 109 тоотод оршин суугч эмэгтэй “Манайх таван жилийн турш сард 1.4 сая төгрөг төлөх гэрээ байгуулж, энэ байранд орсон. Байрны нэг ам метр талбайн үнийг 1.5 сая төгрөгөөр тооцсон. Ямар нэг хүү төлөхгүй. Одоо гурван жил гаруйн хугацаа дутуу байна. Халуун усгүй байгаа. Улсын комисс биднийг байранд орсны дараа ирж, шалгасан” хэмээн ярилаа. Ашиглалтад оруулсан хоёр барилгад бэлэн мөнгөөр худалдаж авсан, нэг ам метр газраа 200 мянган төгрөгөөр үнэлүүлж, нийт үнийн дүнтэй нь дүйцэхүйц өртөгтэй байранд орсон, таван жилийн хугацаанд сард нэг сая гаруй төгрөг төлөх гэрээ байгуулсан айлууд амьдарч буй аж. Иргэн Б тус барилгын зургадугаар орцны 114 тоот байранд оршин суух гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу тэдний байр 56.67 ам метр талбайтай байх ёстой. Гэвч Орон сууцын барилгын доторх сууцын талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу “Брайт пойнт” компаниар хэмжүүлэхэд талбайн хэмжээ нь 54.54 ам метр байгааг тогтоожээ. Тиймээс “Бармон” компанид гомдол гаргасан ч “Танайхтай байгуулсан гэрээгээ цуцална, талбайн хэмжээ харин ч илүү байгаа” гэж хариулжээ. Иргэн Б “Бармон” компани Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 581 айлын газрыг дахин төлөвлөх тендерт өрсөлдөж, 50 хоногийн дотор цөөндөө 436 айлаас зөвшөөрөл авах ёстой байсан. Түүнийгээ ч биелүүлсэн. Гэвч тус компани бидний итгэлийг алдаж, орон сууцын талбайг гэрээнд заасан хэмжээнээс дутаачихлаа. Хэрвээ иргэд 2014 онд “Бармон” компанитай хоёр талт гэрээ байгуулаагүй бол энэ төслийг хэрэгжүүлэх эрх авч чадахгүй” хэмээв.
“БАРМОН” КОМПАНИЙГ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс “Бармон” компанийн барьсан эхний ээлжийн хоёр блок барилгыг өнгөрсөн сарын 30-нд шалгажээ. Гэтэл шалгахаас өмнө барилгад оршин суугчдыг хэдийн оруулсан, байрны талбайн хэмжээ дутуу гэх маргаан гарсан байж. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.7-д зааснаар захиалагч, гүйцэтгэгч тал 14 хоногийн хугацаанд зөрчлийг арилгаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний дараа гэрчилгээ олгодог аж. Гэвч энэ ажил удааширснаас Улсын комисс өдий хүртэл уг барилгыг хүлээж аваагүй юм байна. Зөрчлийн тухай хуулийн 12.1.11 дэх хэсэгт зааснаар гэрчилгээ олгоогүй, эсхүл дуусаагүй барилга, байгууламжид үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтын дагуу “Бармон” компанийг таван сая төгрөгөөр торгожээ.
“ХҮЙТЭРЧ, АЙЛУУД БАЙРАНД ОРОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ТУЛ ЗӨВШӨӨРСӨН”
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бармон” компани иргэдтэй байгуулсан гэрээ ёсоор 2016 онд 464 айлын, 180 машины гарааштай, үйлчилгээний 1700 ам метр талбай бүхий дөрвөн барилгыг ашиглалтад оруулах ёстой байж. Үүгээр зогсохгүй өнгөрсөн он гэхэд 936 айлын, 380 машины гарааштай, найман блок орон сууцыг барьж дуусгахаар төлөвлөжээ. Гэвч өдий хүртэл 2016 оны төлөвлөгөөгөө ч бүрэн биелүүлээгүй, хоёр барилгыг л барьж дуусгажээ. Тус компанийн барилгын инженер А.Ариунжаргалаас дээрх асуудлын талаар тодруулахад “Манай компани Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны иргэдтэй гэрээ байгуулан, “Шинэчлэл” хорооллыг 20 тэрбум төгрөгөөр барьж байна. Үүний 15 тэрбумыг нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлсэн. Нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөхгүйгээс болж эхний хоёр барилгын ажил удааширсан. Одоо дэд бүтцийг шийдсэн учир цаашид барилгын ажлыг шуурхайлна. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр иргэдтэй гэрээ байгуулахад байр ашиглалтад орох хугацааг бичих шаардлагатай болсон учраас 2016, 2018 оныхоо төлөвлөгөөг тусгасан. Өвөл болж, айлуудаас орон сууцад орох хүсэлт ирсэн тул зайлшгүй шаардлагаар зөвшөөрсөн. Энэ хорооллын барилгын ажлыг явуулахад ихээхэн хүндрэл учирч байна. Байрны талбайн хэмжээ дутуу гэсэн гомдлын дагуу газар дээр нь очиж хэмжинэ. Халуун усны асуудлыг өнөөдөр (өчигдөр) шийдсэн. Улсын комиссын акт баталгаажих шатанд маргаан гарсан тул завгүй ажилласаар байна” хэмээн хариуллаа.
Бэлтгэсэн: Б.Уянга