Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Конрад Аденауэр” сангийнхан хамтран “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт чуулганыг өчигдөр зохион байгуулав. Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны стандартыг найман сарын хугацаанд хэрэгжүүлж, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийсэн судалгаагаа албаныхан танилцууллаа. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул зэрэг аймагт ажилчдын ажлын байран дахь цаг ашиглалт нэмэгдэж, тэднээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамжийн индекс 1.1-1.3 функтээр өсжээ.
Хүн амын тоо, хөгжлийн хурд, газар нутгийн байршил харилцан адилгүй учраас аймаг, сумдад нэгдсэн стандарт нэвтрүүлж, мөрдүүлэхэд хүндрэлтэй байсныг “Конрад Аденауэр” сангийнхан онцлов. Гэхдээ зарим улс оронтой харьцуулахад төрийн захиргааны чанарын удирдлагын стандартыг богино хугацаанд нэвтрүүлж, эерэг үр дүнд хүрэх төлөвтэйг тэмдэглэжээ. Судалгааны дүнтэй танилцсаныхаа дараа төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандартыг нэгдсэн журмаар нэвтрүүлэх, эсэхээ чуулганд оролцсон хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Засаг дарга нар шийдэх аж.
Бэлтгэсэн: Г.Цэгц