Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцов.
Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт илтгэлийг тавьсан бол нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний “ОШМИ консалтинг” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын төлөөлөгчид агаарын бохирдол, хотын стандартыг хэрхэн бий болгох, хот стандарттай болсноор ямар үр дүнд хүрэх зэрэг олон талын саналыг шигтгэсэн илтгэлүүдийг тавилаа.
Хотын захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг дүгнэж дараах үүргийг өглөө. “Бидэнд асар их боломж буюу нөөц байна. “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд 2020 оныг стандарттай хот болгоход төсөв төлөвлөгөөг нарийн гаргаж, эрх зүйн бичиг баримттай болгоход олон улсын норм дүрмийг судлан ажиллах нь зүйтэй. Мөн стандартыг сайжруулах зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар бэлтгэж, урамшуулалт болзолт уралдаануудыг улирал тутам зохион байгуулан сайн үр дүн гаргаж ажилласан газар хэлтэс, дүүрэг хороодуудыг шат шатанд нь бодитой шалгаруулж, үүгээрээ ажлаа нягт нямбай дүгнэж ажиллах нь чухал” гэлээ.
Улаанбаатар хот нэг стандарттай болсоноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.