“Гэр хорооллын иргэдээ орон сууцад оруулж чадахгүй юм бол алслагдсан газрууд руу инженерийн шугам сүлжээ тат” гэж иргэд төр, засгаас байнга шаарддаг. Тэгвэл гэр хороололд амьдардаг ч хананаасаа халуун ус авч, гал түлэхгүй, дулаан өвөлжих боломж бүрдэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн VII хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айлыг төвийн дулаан, цэвэр, бохир усны шугамд холболоо.
Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж нэвтрүүлэхээр нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэжээ. Улаанбаатарын утааг бууруулах ажлуудыг төр, засгаас үе шаттай өрнүүлж байгаагийн нэг нь 200 айлын янданг устгасан эл ажил юм байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Орон сууцад амьдарч буй мэт ая тухтай, цэвэр орчин бүрдүүлэх ийм төвүүдийг цаашид шат дараатай ашиглалтад оруулна. Айл өрхүүд одоо гаднах тохижилтдоо анхаарч, хашаандаа мод, бут тарьж, ногооруулах биз ээ. Түүнчлэн ирэх хавраас гэр хорооллын иргэдийг байртай болгох “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.
Бэлтгэсэн: М.Оч