Өнгөрсөн даваа гарагт нийслэлд цас орж, өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй жолооч нарыг сандаргав. Цас орсон үдэш замын гадаргуу мөстсөний улмаас халтиргаа үүсэж, осол гарах нь бусад өдрийнхөөс нэмэгджээ. Автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын цөөнгүй нь зуны дугуйгаа сольж амжаагүй нь өгсүүр замд гулгах, тоормос гишгэхэд шарвах зэргээс илт. Үүнээс болоод олон машин “наалджээ”. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст уржигдар 346 дуудлага ирснээс 229 нь зам, тээврийн осол байжээ. Явган хүн бэртсэн долоон осол гарсан гэнэ. Орон нутагт, Завхан аймгийн Улиастайгаас Загастайн даваа хүртэлх замыг даваа гаргийн 16.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Бусад аймаг болон нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх долоон цэгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй юм.
Нийслэлийн хэмжээнд ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Шуурхай удирдлага зохицуулалтын төв инженерийн хангамжийн болон нийтийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааг 24 цагийн турш хянасан. Өчигдөр өглөөний байдлаар Хот тохижилтын газрынхан зам, талбайд 60 техникээр 16 тонн давс, 212 тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийллээ. Үүнээс гадна Дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний ажилтан, аж ахуйн нэгжүүд 166 ажилтан цас цэвэрлэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд энэ өвлийн турш ашиглахаар 2694 тонн бодис нөөцөлснөөс 387 тонныг нь өчигдөр зарцуулсан. Мөн 1793 тонн давс нөөцөлснөөс 156 тонныг нь ашигласан” гэлээ.
Нийслэлийн иргэдийг аюулгүй зорчуулахын тулд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхан энэ сарын 12-ны 02.00 цагаас эхлэн ажилдаа гарчээ. Шөнө давс цацаж, үүрээр зам цэвэрлэгээний ажлаа эхлүүлсэн аж. Үүнд 90 тн давс, бодис ашигласан гэнэ. Давсыг зөвхөн авто зам дээр цацаж, цасыг цэвэрлэн хогийн цэгт хаядаг гэнэ. Чингэлтэй дүүргийн ТҮК давс цацдаг гурван автомашинтай, 60 гаруй ажилтан гудамж, талбайг цэвэрлэж байлаа. Давсны нөөцөө дүүргүүд өөрсдөө бүрдүүлдэг аж. “Манай компани ОХУ-аас оруулж ирдэг техникийн цагаан давс хэрэглэдэг. Энэ өвөл хангалттай хэмжээний нөөц бүрдүүлсэн” хэмээн Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн инженер О.Цэнддорж хэллээ.
Зам цэвэрлэхдээ давсыг зөвхөн авто зам дээгүүр цацдаг. Явган хүний замыг багажаар цэвэрлэдэг. Гэхдээ энэ нь явган хүний зам халтирдаггүй гэсэн үг биш. Хотын гудамж дахь чулуун хавтан дээр хөлдсөн цасыг нь цэвэрлэхэд, илүү хальтрах эрсдэлтэй болдог. Иргэд түүн дээр тогоруу шиг зөөлөн алхаж яваад сурчихсан. Нийслэлд машины зогсоол хомсоос болоод жолооч нар ихэнхдээ явган хүний замыг хааж машинаа байрлуулдаг. Явган хүний гарц хааж тавьсан машиныг тойрох гэхэд халтирч унах, авто замаар явах зэрэг эрсдэл бий. Чулуун хавтан дээгүүр өдөрт хэдэн зуун хүн холхиж байгаа. Бүгд л “унах вий” гэсэн байдалтай алхаж байгаа нь илэрхий. Байрныхаа гадаа алхаж яваад мөсөн дээр халтирч унан эрүүл мэндээрээ хохирсон, цус харваж амиа алдсан иргэд ч бий. Хэдий шүүхэд нэхэмжлэл гарган, хууль хяналтын байгууллагаар явсан ч нэгэнт эрүүл мэндээрээ хохирсон бол нөхөн төлбөр аваад ч эргээд эрүүл болохгүй. Зам, тээврийн ослоос сэргийлж, давс цацаж, жолоочийн эрүүл мэнд, эд хөрөгийг хамгаалдаг. Гэтэл явган зорчигчийн эрүүл мэндийг хөсөр хаячихсан гэлтэй.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчны урсгал, урт хугацааны судалгааны прогнозын хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан А.Даваадоржоос цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.
-Уржигдраас хойш аль нутгаар хэдий хэмжээний цас орсон бэ?
-Энэ оны арваннэгдүгээр сарын 11, 12-нд ихэнх нутагт цас орж, хүйтэрлээ. Өнөөдөр (өчигдөр) 08.00 цагийн байдлаар цаг уурын станц, харуулуудаас авсан мэдээллээр, нутгийн хойд хэсгээр 5-25 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Увсын зүүн, Завханы хойд хэсэг, Орхон, Төв аймгийн зарим газарт 25 см хүртэлх зузаан цасан бүрхүүл тогтжээ.
-Арваннэгдүгээр сарын дунд үеэс хойш цаг агаар ямар байна вэ?
-1981-2010 оны цаг агаарын дунджийг олон жилийн дундаж гэж тооцоолдог. Олон жилийн дунджаар арваннэгдүгээр сард агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Алтайн салбар уулсын баруун хэсгээр 14-19, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 2-8, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр 4-11, Увс, Завханы хойд хэсгээр хамгийн их буюу 11мм хүртэл цас ордог. Энэ сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв болон Өвөрхангай аймгийн зүүн урд хэсэгт олон жилийн дунджаас 1-1.5 градус дулаан байх төлөв гарсан. Харин Увсын ихэнх нутаг, Завханы хойд, Булганы баруун хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэгт олон жилийн дунджаас ахиу хур тунадас унах нь. Арваннэгдүгээр сард гурван удаа Монгол орны ихэнх нутгийг хамарсан, хүйтэн уур амьсгал Сибириэс орж ирнэ гэж тооцоолсон. Энэ сарын 11, 12-нд нутгийн хойд хэсэгт цас орж, эхний үзэгдэл өнгөрлөө. Цаашид энэ сарын 16, 17-нд ихэнх нутгийг хамарсан цас орж, шуурна. Мөн сарын сүүлчээр цас орж, нэлээд хүйтрэх төлөвтэй.
-Энэ өвлийн цаг агаарын байдлын ерөнхий төлөв ямар байх вэ?
-Энэ өвөл баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градус дулаан байх төлөв гарсан. Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, говийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв гаргасан.
Бэлтгэсэн: Б.МӨНХБААТАР, Б.УЯНГА