Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэнэ. Түүнийг огцруулах асуудлыг өмнө нь эрх баригч намаас томилогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд хөндөж байсан гэдэг. Монгол Улс ФАФТ-ын “саарал жагсаалт”-д орсон нь Н.Баяртсайханыг огцруулах үндэслэл болсон гэж тэд тайлбарлаж буй. УИХ-ын дарга Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн томилох бодлого баримталж байгааг эх сурвалж дуулгалаа. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны их хурал саяхан болсон. Тус хурлын үеэр МАН-аас эмэгтэйчүүдийг өндөр албан тушаалд томилохгүй байна гэсэн асуудлыг ихээхэн ярилцжээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн ажиллуулах шийдэлд хүрсэн бололтой. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар ганцхан эмэгтэй хүний нэр яригдаж буй. Тэр бол өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, эдийн засагч Д.Энхжаргал юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яамныхаа Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатыг, Монголбанкныхан тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг томилуулахаар зүтгүүлж буйг эх сурвалж дуулгасан.