Эрчим хүчний салбарт ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор энэ оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан. Ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зэрэг байгууллага хамтран “Эрчим хүчний салбар дахь ухаалаг шийдлүүд-2019” нийтлэл, илтгэлийн уралдааныг монгол, англи хэлээр өчигдөр зохион байгууллаа. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас тодруулахад “Инженер гэдэг үг нь латин хэлнээс гаралтай “ухаалаг нээлт”, “хурц ухаан” гэсэн утгатай. Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх, илүү найдвартай эрчим хүчний нэгдсэн систем бүрдүүлэхийн тулд инженер, техникийн ажилтнуудын хурц ухаан, нээлт, улс орны төлөө эрдэм оюунаа зориулдаг эрдэмтэд, докторууд болон зөвлөхөөр ажиллаж буй мэргэшсэн инженерүүдийн санал, санаачилга хамгаас үнэтэй” гэв. Энэ уралдааны гол зорилго нь хэрэглэгчдийн цахилгаан, дулааныг таслахгүйгээр түгээх, төлбөрийг бууруулах, тоолуурын заалтуудыг нэгдсэн удирдах төвөөр дамжуулж хэмжих боломжтойг албаныхан ярьж байлаа. Уг уралдаанд инженер техникийн 37 ажилтан нийлэн 22 бүтээл ирүүлжээ. Эдгээрээс найман илтгэлийг монгол, хоёрыг нь англи хэлээр танилцууллаа.
Уралдаанд оролцсон гишүүдийн нэг, “ДЦС-4”-ийн инженер Д.Ганбат төслөө танилцуулахдаа “Эрчим хүчний турбин генераторуудын хооронд цахилгааны ачааллыг ашигтайгаар хуваарилах боломжтойг жишээ, тооцооллоор нотлон, аргоритмуудыг боловсруулсан. Уг үйл ажиллагаа нь ослын үед урьдчилсан төлөв байдлыг боловсруулах боломжтой. Ингэснээр ямар нэгэн осол гарахад тухайн нөхцөл байдлыг хэрхэн бага хохиролтой даван туулж болохыг тооцоолох боломж бүрдэж байна. Мөн эрчим хүчний системд “Симуляц” загварыг бий болгосноор жилдээ манай улс 2.5 тэрбум төгрөг хэмнэнэ” гэлээ.
Бэлтгэсэн: Т.Идэр